Үндэсний статистикийн хорооныхон цаг ашиглалтын судалгааныхаа үр дүнг өчигдөр танилцууллаа. Эл судалгаа нь өрхийн гишүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарыг үнэлэхэд чухал ач холбогдолтой аж. Энэ удаагийн судалгаанд 23 394 өрхийг хамруулжээ.
Манай улсын иргэд хоногийн 24 цагийнхаа 51 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээнд зарцуулж байна. Харин хөдөлмөр эрхлэхэд 33.8, боловсрол болон чөлөөт цагт 15.1 хувийг нь зарцуулдаг аж. 2023 оны байдлаар 12-оос дээш насныхан өдөрт 12 цаг 15 минутыг унтах, хооллох, ариун цэвэр сахих зэрэг зайлшгүй хэрэгцээндээ зориулжээ. Харин хөлстэй хөдөлмөрт дөрвөн цаг 36 минут, хөлсгүйд нь гурван цаг 31 минут, боловсролд 32 минутыг зарцуулж. Үлдсэн гурван цаг зургаан минут нь чөлөөт цагт ноогдсон гэнэ.
Мөн орон нутгийнхан хотынхноос илүү их цагийг хөдөлмөр эрхлэхэд зарцуулдгийг дээрх судалгаанд дурдав. Хөдөлмөр эрхлэлтийн түвшнээр хөдөөнийхөн хотынхноос 13.9 хувиар илүү. Түүнчлэн хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийг нийлбэр дүнгээр нь тооцвол эрэгтэйчүүд өдөрт дунджаар долоон цаг 59 минут, эмэгтэйчүүд найман цаг 13 минутыг зориулдаг аж. Ингэхдээ эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.6 дахин их цагийг хөлстэй хөдөлмөрт зарцуулдаг юм байна. Харин эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зориулдгийг онцлов.
Өрхийн амьжиргааны түвшин өндөр байх тусам хөлстэй хөдөлмөрт илүү цаг зарцуулж буйг эл судалгаанаас харж болно. Дунджаас доогуур орлоготой хүн ам өдөрт гурван цаг 43 минут, дундаж нь дөрвөн цаг долоон минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуулдаг. Дунджаас дээгүүр болон дээгүүр амьжиргааны түвшинтэй хүн ам дөрвөн цаг 36-54 минутыг хөлстэй хөдөлмөрт зориулдаг.
У.Сүрэн