Н.Никита Хрущевийг албан тушаалаас нь авч хаяснаас хойш 60 жил өнгөрчээ. Тэрбээр өөрчлөн шинэчлэгч, Сталины засаглалын хорт үр дагаврыг багасгахыг эрмэлзэгчийн хувиар түүхэнд орсон юм. Цаг үнэхээр өөр болж, сталинч хэлмэгдүүлэлт алга болж, олон зуун мянган хүн хорих газраас суллагдан, цагаатгагдсан байлаа. Улсыг аюулаас хамгаалах байгууллагын статусыг доошлуулж, төр нь хүнд болон цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэхийн зэрэгцээ хүн амынхаа ахуйн хэрэгцээнд анхаарах болсон. Орон сууцын хөтөлбөр гараагаа авчээ.
Түүний хийсэн өөрчлөлт, ардчилалын зүгт хийсэн алхамууд нь ЗСБНХУ-ыг задлах үйл явцын үндсийг тавьсан гэж үздэг хүн бас олон.
Никита Хрущевийг ЗХУКН-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Зөвлөлтийн төрийн удирдагчийн суудлаас 1964 оны аравдугаар сард ховхолсон нь ЗХУ-ын түүхэнд үнэхээр доргионтой үйл явдал байлаа. Сөрөг хүчин нь удирдагчийг цус урсгалгүйгээр зайлуулсан юм.
1964 оны аравдугаар сарын 14-нд болсон ЗХУКН-ын Төв хорооны ээлжит бус бүгд хурлын тухай хоёр өдрийн дараа “Никита Сергеевич Хрущев Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн даргын ажлаа орхив” гэсэн товчхон мэдээ хэвлэлд гарчээ. Төв хорооны хамгийн туршлагатай гишүүний хувьд бүгд хурал дээр үг хэлэхийг М.Сусловт даалгасан байна. Хрущевийн санаачилга, эрч хүч, Сталиныг тахин шүтэх байдлыг илчилсэн гавьяа зэргийнх нь тухайд ёс болгож хэдэн үг хэлсний дараа Суслов түүнийг ёстой л “дэвсэлж” гарав. Бүгд хурлаас өмнө Төв хорооны тэргүүлэгчид Кремльд хаалттай хуралдаж Хрущевийг албадан огцрох тухай өргөдөл бичүүлж авсан байлаа.
Дөрөвдүгээр сард Никита Сергеевичийн 70 насны ойг тэмдэглэх үеэр шийдвэртэй хөдлөхөд бэлэн байгаагаа нөхөд нь харилцан биедээ мэдэгдсэн. Удахгүй болох үйл явдлын нарийн ширийнийг хэдэн сарын туршид Завидовод ан ав хийх үеэрээ ярьдаг байв. Эрх мэдэлгүй болгосон ч түүнийг шоронд хийгээгүй, амийг нь хороогоогүй. Түүний өмнө байсан Ленин, Сталин болон араас нь гарч ирсэн Брежнев, Андропов, Черненко нар албан үүргээ гүйцэтгэж яваад амьсгал хураасан. Хрущев хүндэт тэтгэвэр (500 рубль) тогтоолгоод хамгаалалттай, “Чайка” машинтай (сүүлд нь “Волга”-гаар сольсон) хоцорсон. Ийм байдлаар долоон жил аж төрсөн билээ. Зөвлөлтийн сүүлчийн удирдагч Михаил Горбачёвоос ялгаатай нь Хрущевийг эрх мэдлээ өгөхөд ЗХУ тарж бутраагүй байлаа. Тэрчлэн Зөвлөлтийн түүхэн дэх “хамгийн ардчилсан эргэлт” (бага Октябрийн хувьсгал ч гэж бас нэрлэдэг) зургаан нас хүрчихсэн байв.
1953 онд Сталиныг нас барсны дараа Хрущев өндөр суудалд очсон бөгөөд түрүүчийн удирдагчийн ойрын хамтран зүтгэгч байсан Георгий Маленков, Вячеслав Молотов нарын толгойлсон Сталины хань нөхөд түүний эсрэг тэмцсэнээс эрх мэдэл нь хялгасан дээр тогтож байсан юм.
Хрущевийг эсэргүүцэгчид намын дээд удирдлага-тэргүүлэгчдийн дотор илүү жин дарж байв. Түүнийг цэргийн командлал, Улсыг аюулаас хамгаалах хороо (УАХХ)-ны нууц цагдаа болон Намын удирдлага, төв хороо аварсан гэдэг. Долоон жил өнгөрөөгөөд дараагийн үеийн улстөрчид түүний өмнө үүрэг хүлээх учиртай хүмүүс нь Хрущевийн “хойтох”-ыг уншсан юм. Тэдний дунд хүчирхэг нь Леонид Брежнев байж, Хрущевийг чөлөөлөгдсөний дараа нэгдүгээр нарийн бичгийн дарга (сүүлд нь Сталины үеийнх шиг ерөнхий нарийн бичгийн дарга гэж уг албан тушаалыг өөрчлөн нэрлэх болсон)-ын суудалд очив. Дараагийн ээлжийг Төв хорооны нөлөө бүхий нарийн бичгийн дарга, 1958-1961 онд УАХХ-г удирдаж байсан Александр Шелепин хүлээж байв. 1964 оны аравдугаар сараас Шелепинийг залгамжлан Владимир Семичастный удирдах болсон энэ УАХХ Хрущевийг огцруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тус хорооны есдүгээр удирдах газар нь төрийн түшмэдийг хамгаалах үүрэгтэйн зэрэгцээ тэдний араас байнга мөрдөж мөшгидөг байсан аж.
Хрущевийн эсрэг эргэлт хийхээр бэлтгэж буйг Семичастный мэдэж байсан төдийгүй түүнд өөрөө идэвхтэй оролцсон юм. Тэрбээр үймээн самуун хийхээр зэхэж байгааг удирдагчдаа мэдэгдсэн бол, өөрөөр хэлбэл, хүлээсэн үүргээ биелүүлсэн бол Хрущев ордны энэ эргэлтийг зогсоочих л байсан болов уу. Хрущевийн аминд хүрэх асуудлыг Брежнев нэгэн удаагийн яриандаа хөндөж байсныг Семичастный дурсамждаа өгүүлсэн байдаг. Харин энэ хувилбар хэрэгжилгүй, эргэлтийг хүчирхийллийн бус аргаар хийжээ.
Зөвлөлтийн коммунизмыг Хрущев илүү хатуу ширүүн болгох бодолтой байв. Сталиныг эрх мэдлээ буруу ашиглалаа хэмээн шүүмжилж, тэгсэн хэрнээ эрх дархыг өөрийн гарт улам бүр төвлөрүүлж байжээ. Хийхээр төлөвлөсөн улс төр, эдийн засгийн өөрчлөлт нь эрх мэдэлд коммунистууд ноёрхох явдалд саад болоод байснаас Хрущев энэ бүхнийг зогсоожээ. Зөвлөлтийн эвсэл дэх Москвагийн давуу байдлыг сулруулахаар амласнаа зөрчиж, 1956 онд Унгарт дэгдсэн бослогыг цус урсган дарснаар Хрущев зард гарсан байна. 1962 оны Карибын хямралын үед тэрбээр дэлхий дахиныг цөмийн дайны ирмэгт аваачсан юм. Ийм алхмыг тэрбээр нэг бус удаа хийжээ. Түүнээс гадна 1963 онд гадаадад 170 хоног явж, сунжирсан айлчлалдаа олон хүн дагуулж, түүнд ах, дүү нар нь ч ордог байв.
Түүний эхлүүлсэн өөрчлөлт бүтээлч шинж чанартай байж, оросуудын амьдралын түвшнийг сайжруулсан ч яваандаа замбараагаа алдаж, нийгмийг тогтворгүй байдалд оруулан, 1962 онд Новочеркасскад тэмцэлд боссон ажилчид руу буудахад хүргэсэн юм. Урьд нь “оршуулна” хэмээн занадаг байсан Өрнөдөөс ЗСБНХУ анх удаа Хрущевийн үед л үр тариа худалдаж авчээ. Түүнээс гадна 1950-1960-аад оны заагт ЗХУ, Хятад хоёрын хооронд хагарал гарсан нь Москвагийн дургүй хүрэх шалтгаан болов. Хагарлын шалтгаан нь Хрущевийн либералчлал руу хийсэн алхамууд биш, Хятадад Мао Цэдуны бий болгосон ганцаар захирах дэглэм байв. Хилийн маргаан хийгээд олон улсын харилцаан дахь санал зөрөлдөөнөөс энэ байдал лавшрав. Гэхдээ бий болж буй зөрчлийг тэр намжааж чадаж байсан, хийх ч ёстой байсан гэдэгт Хрущевийг шүүмжлэгчид эргэлзээгүй.
1957 оны эргэлтээс хойш Хрущев тэргүүлэгчдийн дунд ч, Төв хороонд ч дэмжлэгээ алдсаар. 1964 оны арваннэгдүгээр сар болоход тэрбээр улс төрийн хувьд тусгаарлагдчихсан байв. Брежневийн тэргүүлсэн улс төрийн өрсөлдөгчид нь Шелепин, Алексей Косыгин, Михаил Суслов зэрэг бусад нөлөө бүхий улс төрчийн дэмжлэг хүлээн, Пицундад амарч байсан Хрущевийг Москвад дуудав. Хрущев энд амрах их дуртай байжээ. Тэргүүлэгчдийн дотор өөрийг нь дэмжигчид цөөнх байгаа, эрх мэдлээ хадгалж үлдэхэд арми, УАХХ-ны оролцоо шаардлагатайг, тэгэхдээ тэднийг өөрийнх нь талд гэдэгт итгэлгүй байсан тул нөхцөл байдлыг ойлгон Хрущев огцров. Өөрийнх нь удирдлагаар Сталинизм ширээнээс ширдэгт шилжсэнийг бодолцон тэрбээр “Нам маань өсөн өндийж, ямар ч хүнийг хянаж чаддаг болсонд баяртай байна” гэж мэдэгдэв. “Нөхөд” нь юу төлөвлөж буйг Хрущев гадарлаж байжээ. Хүү Сергей Никитовичийнх нь дурссанаар Төв хорооны дээд зиндааныхны нууц зөвлөгөөний талаар түүнд хэн нэгэн мэдээлсэн байж. Арваннэгүгээр сарын 12-нд М.Суслов эцэгтэй нь утсаар ярьж, хөдөө аж ахуйн талаар яаралтай асуудал гарч ирлээ гэж хэлээд Москвад ирэхийг урьжээ. Маргааш нь Хрущевийн онгоц “Внуковод” ирэхэд урьд нь шавчихдаг байсан хамтран зүтгэгчид нь байсангүй, ердөө УАХХ-ны дарга Чекалов л ирсэн байж. Бүх юм хяналтад оржээ. Түүний халааг авах Брежнев эрх мэдлийн хөшүүргээс чанга гэгч зуурч авав.
ЗХУ олон талаар Хрущевийн ачаар Сталинзмын үеийнх шиг төрийн алан хядлага, олноор нь хэлмэгдүүлэх зам руу буцаж очоогүй юм. 1991 онд ЗХУ төрийн эргэлт хийх бас нэг оролдлоготой нүүр тулгарсан нь консерватив сөрөг хүчин нь өөр нэг өөрчлөн шинэчлэгч Михаил Горбачевыг унагах ажиллагаа юм. Энэ оролдлого ихээхэн муу бодож төлөвлөсөн байснаас шаардлага дэмжлэг хүлээж чадалгүй дарагдсан билээ. Харин ЗХУ нуран унаж, хэдхэн сарын дараа албан ёсоор тарсан юм. Оросын одоогийн удирдагч Путиний хэлснээр 1954 онд Крымийг Украинд “бодож тунгаалгүй бэлэглэсэн” хэмээн Хрущевийг буруутгадаг.
Хрущев дурсамждаа улс орноо сталинизм амь тэмцүүлсэн айдас хүйдсээс гаргаж, өөрийг нь хөсөр хаяхыг үл тоох залуу улс төрчдийн шинэ үеийг хүмүүжүүлснээ бичсэн байдаг.