Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн үндэсний баг байгуулж, орон нутгуудад ажиллуулж эхэлжээ. Орон нутагт III шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэггүй учраас иргэд олноороо нийслэлийг зорьдог. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал, хүлээгдлийг нэмэгдүүлдэг тул салбарын яамнаас дээрх арга хэмжээг хэрэгжүүлж буйгаа мэдээлэв. Эрүүл мэндийн сайд “Төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэн нутагшуулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний баг байгуулсан. Тэд аймаг, дүүрэг төдийгүй цаашлаад улсын хэмжээнд нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг цогц үзүүлдэг жишиг баг болох юм. Тодруулбал, нэн хэрэгцээт хавдрын, зүрх, судасны тусламж, үйлчилгээ, ангиографын эмэгтэйчүүдийн, мэдрэлийн, зүрхний, хэвлийн оношилгоо, гэмтэл, согогийн болон ерөнхий мэс заслын үйлчилгээг явуулаар үзүүлээд эхэлсэн. Үүний хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг ч ажлын байранд нь дадлагажуулж, зааж сурган, мэргэжил, арга зүйгээр хангаж байгаа” гэлээ.
Үндэсний багийнхан өнгөрсөн сараас Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай аймагт ажиллаж, давхардсан тоогоор 200 гаруй хүнд үзлэг, оношилгоо, 50 гаруй үйлчлүүлэгчид нэн шаардлагатай мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр эдгээр иргэний зардал чирэгдлийг бууруулж, өвчин хүндрэхээс нь урьдчилан сэргийлсэн гэв.
М.Гэгээ