Шинжлэх ухаан, соёлыг түгээх залуучуудын Хангарьд холбоо НҮТББ нь ОХУ-ын А.М. Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар дахь Русский дом (Орос ордон)-д 2024 оны есдүгээр сарын 17-н өдөр Олон улсын “Халх голын ялалт-манай хамтын ялалт” нэртэй онол-практикийн бага хурал, 18-ны өдөр Монгол-Оросын залуучуудын III их хурлыг амжилттай зохион байгуулав.
Олон улсын “Халх голын ялалт-манай хамтын ялалт” нэртэй онол-практикийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Россотрудничество агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Анна Кулакова нь Халх голын Ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан зохиож буй тус хурлын үйл ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Хуралд ирсэн зочид, төлөөлөгчид, сонсогчдод хандан А.М. Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сангийн мэргэжилтэн Сагитов В.И., ОХУ-ын Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал Петрунин П.В. нар хандан үг хэлцгээлээ.
“Халх гол-39: түүхийг хэт туйлшруулан тайлбарлах стратеги” илтгэл тавьсан ОХУ-ын Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал Петрунин П.В. нь «Санамж бичиг» -н тухай дурдан тус баримт нь Японы Ерөнхий сайд Гиичи Танака тухайн үед залуу эзэн хаан Хирохитод зориулан бэлдсэн, Япон улсын урт хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэлгэрэнгүй хөтөлбөр байсныг сануулав. Алс Дорнодын 1946-1948 оны Токиогийн Олон улсын цэргийн шүүхийн материалд тус «Санамж бичиг» нь Америкийн яллагчийн өгсөн 169 тоот нотлох баримт нэрээр бүртгэгдсэн. Дэлхийд ноёрхлоо тогтоохын тулд Хятад, ЗСБНХУ-ын хөрш зэргэлдээ бүс нутгаас эхлэн Евразийн орнуудыг зэвсгийн хүчээр булаан эзлэх хөтөлбөр хэмээн тэнд зарлагдсан байна. Гадаадын ихэнх түүхчид мөн түүний дундаас японы түүхчид БНМАУ-н эсрэг үйлдсэн Японы түрэмгийллийг үгүйсгэх, Халхын гол дээрх Японы цэргүүдийн өдөөн хатгалгын үнэн шалтгааныг нуун далдлах, түүхийг гуйвуулахыг оролдож байна. Жишээ нь, тэд Япон хэзээ ч Монголын эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаагүй, үнэн хэрэг дээр Халхын гол орчим ямар ч ноцтой байлдаан явагдаагүй, харин хилийн шугамын тодорхой бус байдлаас үүдэлтэй хилийн бага зэргийн мөргөлдөөн болсон гэж мэдэгдэцгээдэг. БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү Япон улс хэзээ ч санаархаагүй гэсэн суртал ухуулгыг эрчимтэй явуулж байна. Эдгээр мэдэгдлүүд нь эн тэргүүнд Архивын бодит баримтаар илчлэгддэг гэлээ.
Дараачийн “Баатарлаг Улаан Армийн сонин”-ны ерөнхий редактор Д. И. Ортенберг” хэмээх ОХУ-ын ШУА-н Сибирийн салбарын МБТ судлалын ЭШХ-н тэргүүлэх ажилтан, доктор (ScD), профессор Курас Л.В. –н илтгэл дээр тус сонин нь Халх голын байлдааны үед хамгийн чадвартай цэргийн сурвалжлагч нарыг нэгтгэсэн, хэвлэлийн чанга яригч байсныг дурдав. БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х. Чойбалсан тус сонины байнгын уншигч, тэдэнд үнэт зөвлөлгөө өгдөг байсныг онцоллоо.
Халхын голын байлдаанд оролцсон Монголын Ардын Хувьсгалт Цэргийн дайчдын сэтгэл зүйн бэлтгэл, түүнд хийсэн судалгаа” илтгэлийг БХЭШХ, доктор (Ph.D), профессор, хурандаа Ц.Дэмчигсүрэн тавив. “Халхын голын байлдааныг гардан удирдаж, зохион байгуулж байсан маршал Х.Чойбалсан, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, комиссар Ю.Цэдэнбал гээд дээдлэн хүндэтгэх, үлгэрлэн дуурайх, нам засаг, цэргийн жанжин удирдлагууд байсан, эрэлхэг зориг, байлдах ур чадвар, гавьяа зүтгэлээрээ олноо үлгэрлэн манлайлсан баатарлаг үйлстэн БНМАУ-ын ууган баатар Гонгор, гарамгай баатар Л.Дандар, Д.Хаянхярваа зэрэг цэргийн алба хаагчид төрөн гарсан нь дайчдын сэтгэл зүй, эх оронч үзэлд асар их нөлөө үзүүлж байсан, дайн байлдааны үед цэргийн анги байгууллага улмаар цэрэг нэг бүртэй ажиллаж байсан нам, улс төрийн байгууллага, ажилтан, комиссарууд, улс төрийн удирдагчдын нөр их хичээл зүтгэл дайчдын оюун санаа, сэтгэл зүйд хүрч байсан ухуулга, сурталчилгаа, соёл олон нийтийн ажлуудын үр дүн” зэргийг дурдлаа.
“Буриад-Монголын зоо мал эмнэлгийн дээд сургуулийн Халх голын дайнд оролцсон багш нар” илтгэлийг БУХААИС-н доктор (Sc.D), профессор Зайцева Л.А. тавин түүхэн үйл явдлын бодит оролцогч нар болох Сверкунов И.А., Петров К.П., Бойко И.Я. болон бусад нэр нь дурдагдаагүй олон багш нарын тухай танилцууллаа.
Нийт 17 илтгэлийг орос, монголын түүхчид, эрдэмтэн судлаачид толилуулан залуучуудад Халх голын байлдааны ялалт, түүхэн ач холбогдлын тухай танилцуулав.
9.р сарын 17-ны өдөр зураач Б.Дашнямын үзэсгэлэнгийн нээлт давхар явагдаж, 18-ны өдөр “Мунхуд дуурсагдах баатрууд” ТББ-н тэргүүн, доктор (Ph.D), дэд профессор, бэлтгэл хурандаа Ж.Өвгөнбүргэдийн хувийн цуглуулгийн үзмэрийг хүрэлцэн ирсэн залуучууд, судлаачид сонирхов.