“Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ. Чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ-тай хамтран наймдугаар сарын 22–23-ны өдрүүдэд зохион байгуулж буй.
Тус чуулга уулзалтаар Монгол Улс дэлхийн тавцанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй санал санаачилга, үйл ажиллагаагаа дахин нотолж буй хэрэг бөгөөд олон улс орны төр, засгийн, олон улсын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг эмэгтэй манлайлагчдыг нэгтгэн жендэрийн тэгш байдлыг дэмжих, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэж, шилдэг туршлагыг солилцох индэр болгох юм.
Чуулга уулзалтын “Ногоон ирээдүйн төлөө” сэдэв нь дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг хангах чухал үүрэг гүйцэтгэнэ.
Чуулга уулзалт үндсэн хуралдаанаас гадна зургаан салбар хуралдаан, нээлт, хаалт гэсэн хэсгээс бүрдэнэ.
- Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо
- Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг
- Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо
- Жендэрийн тэгш эдийн засаг
- Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө
- Спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад 15 гаруй улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дэд дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг бүхий л салбарын эмэгтэй манлайлагчид оролцохоор бүртгүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дэд ерөнхийлөгч Пани Ятоду, Бүгд Найрамдах Киргиз Улсын Тэргүүн хатагтай Айгүл Жапарова, Бүгд Найрамдах Болгар Улсын Парламентын орлогч дарга Росица Кирова болон бусад улсын эмэгтэйчүүд, жендэрийн асуудал хариуцсан сайд нар оролцохоо нотлоод байна.
Түүнчлэн хамтран зохион байгуулагч НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед чуулга уулзалтад оролцоно. Үүний зэрэгцээ Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 600 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.
Чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудыг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байгаа үе үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн үйл хэргийг харуулсан “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн болно.
Чуулга уулзалтаар салбар хуралдааны зөвлөмжүүдийг нэгтгэн төгсгөлийн баримт бичиг гаргана.