Улаанбаатар хот энэ сарын эхээр 20 ширхэг тоос сорогчтой боллоо. Нэмээд 33-ыг Турк улсаас авна гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү ярьсан. Нэг ширхэг тоос сорогчийг хэдэн төгрөгөөр авсныг нь түүнээс тодруултал “Хуралтай байна” гэсэн “жижүүр”-ийн үг хэлээд, ууртайхан утсаа таслав. Товчхондоо, тоос сорогч авах гэж төсвөөс хэдэн төгрөг зарцуулснаа хэлэхийг хүссэнгүй. Дарга нар хувийнхаа хөрөнгөөр бус, татвар төлөгчдийн мөнгөөр авсан нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс мөнгийг нь “гаргасны” хувьд иргэд тайлан, тооцоог нэхэх нь зүй ёсны хэрэг. Гэтэл дарга нар иймэрхүү асуултад хариулт өгдөггүй, хувийнхаа нууцыг дэлгэх гэж буй мэт уурлаад байдаг нь эрүүл үзэгдэл биш юм. Ер нь эрх баригчид төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг юунд, хэрхэн зарцуулаад буйгаа тайлагнадаггүйн зэрэгцээ өөрийнхөө халааснаас гаргаж буй мэт дураараа дургидаг нь нууц биш. Улмаар ийм учир битүүлэг байдал нь “ногоон автобусны хэрэг”-ийн араас явж болзошгүй “нууц” олноор “үйлдвэрлэх” нь гэх хардлага төрүүлнэ.
ТАТВАРЫН МӨНГӨНИЙ “ХУВИРАЛ”
Нөгөө талаар дарга нарын баруун, солгойгүй үрээд буй мөнгө үр дүнтэй зүйлд зарцуулагдахгүй байна. Зөвхөн тоос сорогчийн жишээн дээр дурдахад л дорвитой үр дүн олж харсангүй. Ямар сайндаа л зарим иргэн “Манай гэрийн тоос сорогч илүү сайн ажиллах юм байна” гэж халаглахад хүрэх вэ дээ. Харин дарга нар ТҮК-ийн ажилтнууд дэрсэн шүүрээ хаяад, орчин үеийн төхөөрөмж ашиглан хотоо цэмцийлгэнэ гэж сурталчилж байгаа. Гэвч зам, талбайн үйлчлэгчид дэрсэн шүүр барьж, тоос, шороо босгосон хэвээрээ. Хот ч хог, шороондоо баригдсан дүр төрх өөрчлөгдөөгүй л байна.
Иргэдийн хөдөлмөрлөж олсон цалингаас төр нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, НӨАТ гэх мэтээр татаас авдаг. Нийгмийн даатгалын шимтгэлд л гэхэд хувь хүн цалингийн 11.5, ажил олгогч 12.5 хувийг төлнө. Түүгээр зогсохгүй хувь хүний орлогын албан татвар болон НӨАТ тус бүр 10 хувь гэх маягаар нэмэгддэг. Иргэдийн зүдэрч олсон мөнгө ийнхүү төрийн дансанд эдээр авсан, ямар хүчин чадалтай нь мэдэгдэхгүй тоос сорогч болон “хувирч” байна. Таны төлсөн татварын мөнгө хэн нэгэн даргын гоё зурагтай сэтгүүл болоод хогийн сав руу шидэгдэж байгаа жишээг ид цөөнгүй харж буй. Бас “E-Mongolia”, “Шинэ хоршоо” гэх мэтийн бичиг, логотой цамц болоод хөдөөгүүр аялж, янз бүрийн рекламд “тоглолоо”. Товчхондоо, амьдралын чанарт нь ямар ч өөрчлөлт, дэвшил авчрахгүй зүйлс рүү иргэдийн мөнгө урсаад байгаа юм. Уг нь бид татвар төлснийхөө төлөө чанартай үйлчилгээ авч, тэр хэрээр амьдралын чанар бага багаар сайжрах ёстой.
НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГА МӨС ЗӨӨЖ “ТОГЛОСОН”
Сэлбэ голын мөсийг зөөхөд гурван тэрбум төгрөг зарцуулсан байж магадгүй. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас эхлэн 15 хоногийн хугацаанд 8251 удаагийн тээвэрлэлтээр Сэлбэ голоос 165 020 тонн мөс зөөж, Туул голын сав газарт асгасан. Албаныхны дүгнэлтээр бол Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор ийм ажил хийсэн гэх. Нийслэлийн ЗДТГ-ынхан голын мөсийг зөөж байгааг харуулсан дүрс бичлэг, зураг зэргийг нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга цацаж, кино бүтээхээ шахсан. Тэр бүхэн нь хотын удирдлага өөрсдийгөө их ажил хийсэн мэт харагдуулж, нийслэлийн иргэдийг шар усны үерээс аварсан гэх пиар болж хувирсан юм.
Харамсалтай нь, төсвөөс үүнд хэдэн төгрөг зарцуулснаа аль ч дарга тайлагнасангүй. Мөс зөөхөд гурван тэрбум төгрөг зарцуулсан гэх сураг ажиг, таамаглалыг л зарим иргэн дэвшүүлснээс өөр мэдээлэл үгүй. Олон нийт ч үүний цаана хэдэн төгрөг “нуугдсан”-ыг сонирхсонгүй. Улмаар тэр бүх үйл явдал өдгөө бараг мартагдаж байна. Эцсийн дүндээ төсвийн хөрөнгө салхинд хийссэн нь үнэн.
ГЭНЭТ “БАЯЖИЖ” БОЛНО
“Мөнгө байхгүй юм чинь яаж зам засах вэ. Байгаа мөнгөө бүгдийг нь шавхаад метроныхоо төслийг урагшлуулж байна” гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн сарын сүүлчээр ярьж байв. Өөрөөр хэлбэл, манай хотын төсөвт зам засах мөнгө огт байхгүйг тэрбээр яах аргагүй хүлээсэн. Гэтэл дараахан нь гэнэт баяжив уу гэлтэй л энд тэндгүй зам нөхөөд эхлэв. Тэгэхдээ бүр түүхэнд байгаагүй хурдтайгаар, хулдаас дэвсэж байгаа мэт л шуурхай гэгч нь “индүүдэх” болсон. Энэ нь сонгуулийн өмнө нийслэлчүүдэд их ажил хийж байгаагаа харуулах “уралдаан” гэлтэй.
Харин иргэдийн хувьд тэдний шоунд уярах бус, зам засахад хаанаас, хэдэн төгрөг гаргав гэдэгт анхаарал хандуулах ёстой. Бас эдгээр замаас хэд нь ядаж намар хүртэл тэсэх вэ гэдэгт хяналт тавих учиртай. Жишээ нь, нийслэлд энэ сарын 9-нд бороо ороход тавиад удаагүй замынх нь будаг урсаж байлаа. Албаныхан “Борооны улмаас замын өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан. Энэ нь замын чанар, стандартад нөлөөлөхгүй” гэж яаран сандран тайлбар хийсэн юм.
560 ХҮНИЙГ ХУВЦАСЛААД, 21 АЙМАГ РУУ ИЛГЭЭХЭД ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАВ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сүүлийн үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг бараг булаачихлаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу өрнүүлэх “Шинэ хоршоо” гэх хөдөлгөөнийг тэрбээр “өмчлөн” авч, ирэх сонгуулийн сурталчилгааны гол чиглэлээ болгосон нь ойлгомжтой байгаа. Мэдээж бидний анхаарах ёстой гол зүйл нь түүний сурталчилгаа биш. Харин “Шинэ хоршоо” гэх сүржин хөдөлгөөний цаана хэр их мөнгө “нуусан” нь юм.
Тодруулбал, 560 гаруй хүнд “Шинэ хоршоо” гэсэн бичигтэй, нэгдсэн журмаар хийлгэсэн хувцас өмсгөөд, хоол хүнс, тээврийн зардлыг шийдээд, бас дээрх хөтөлбөрөө сурталчилсан сонин, зурагт хуудас зэргийг хэвлүүлж өгөөд 21 аймаг руу тараан явуулсан гэх албан бус мэдээлэл бий. Тэр хүмүүс сайн дурын ажил хийгээгүй тул цалин авч таарна. Ингээд тооцохоор нийт үнийн дүн саяар тогтохгүй, тэрбумаар л хэмжигдэх биз. Үүнд зарцуулах хөрөнгийг энэ оны улсын төсөвт лав тусгаагүй. Төсөв баталснаас нэлээд хойно буюу эрх баригчид саяхан л бодож олсон “мэргэн” санаа шүү дээ. Тэгэхээр 21 аймгийг хамарсан, өргөн хүрээний сурталчилгаандаа хэдэн төгрөг зориулж буйгаа Засгийн газраасаа эхлээд тайлагначихвал яасан юм бэ.
ХОГИЙН САВАНД ОРДОГ СУРТАЛЧИЛГАА
Айсуй сонгуулийг угтаад УИХ-ын гишүүд, сайд, дарга нар ажлын тайлан нэртэй сэтгүүл тарааж байна. Иргэд тэдгээрийг нь шууд хогийн саванд хийж буй зураг нийгмийн сүлжээнд “давлагаалах” болсон. Гишүүн С.Бямбацогт л гэхэд тойргийнхоо айлуудад гурвын гурван сэтгүүл тараасан гэнэ лээ. Түүгээр зогсохгүй тайлан тавих эрхгүй Соёлын сайд Ч.Номин хүртэл сэтгүүл хэвлүүлэн, иргэдэд тарааж, хууль бус сурталчилгаа хийснийг олон нийт эсэргүүцэж байна. Түүний сэтгүүлийг хэвлүүлэхэд төсвөөс 19 сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл ч бий.
Үүнээс гадна элдэв хурал зөвлөгөөн тоогоо алдав. Энэ он гарснаас хойш эрх баригчид зам, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг гэх мэтээр бүхий л салбарынхныг цуглуулан, хуралдаж амжлаа. Түүнчлэн газар нутгаар, баруун, зүүн, төвийн бүсээр нь ч ангилан хуралдуулаад байна. Байж болох салбар, чиглэл бүрийн чуулганыг хийлээ. Анхандаа улсын хэмжээнд зохион байгуулсан хурлууд нь одоо аймаг, дүүрэг гэх мэтээр ангилагдан задарч байгаа. Хамгийн гол нь сонгуулийн өмнөх пиар болох энэ бүхний цаана иргэдийн төлсөн хэдэн төгрөг үрэгдээд байгааг эрх баригчид тайлагнах ёстой.
Томоохон, өргөн хүрээг хамруулсан нэг хурал зохион байгуулахад тэрбум орчим төгрөг зарцуулдаг юм билээ. Жишээ нь, Улаанбаатар хотын хөгжлийн бүсийн форум зохион байгуулна гээд нэг тэрбум төгрөгийг нийслэлийн энэ оны төсөвт суулгасан байдаг. Тэгэхээр эрх баригчид ямар их мөнгийг дэмий үрээд байгаа нь ойлгогдох биз ээ.
Хамгийн гол нь тэдгээрийнх нь үр дүн гарт баригдаж, нүдэнд харагдахгүй байна. Жишээ дурдахад, Шадар сайд С.Амарсайханы санаачилсан гэх “Эрсдэл ба стандарт” форум өнгөрсөн оны сүүлчээр гурав хоног үргэлжилсэн. Гэтэл дараахан нь буюу энэ он гарангуут нийслэлд хий дэлбэрсэн осол гарч, онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж байв. Эрсдэлээс сэргийлнэ, бүх зүйлд бэлэн байна гэж улиг болтол ярьсан хурлынх нь “үр дүн” бодит амьдралд буугаагүйн жишээ нь ийм. Тиймээс бүх салбарынхан татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж, шаардлагагүй хурлуудаасаа татгалзаасай.
БАЯН “АЙЛ” УУ
“Бид орон нутгаар олон удаа явж, яам, агентлагуудад ажиллах д төсвийн мөнгийг улсыг хөгжүүлэхэд биш, баян айлын эрх хүүхэд цацаж байгаа мэт ашигласан нь ажиглагдсан. Ямар ч тооцоо судалгаа, эрэмбэ дараалал байхгүй. Зарим үед арай ч дээ гэмээр зүйлтэй ч тулгарч байв. Уулын аманд 100 сая төгрөгөөр ариун цэврийн байгууламж барьчихсан, нөгөөх рүү нь нэг талдаа 60-70 км явж очих жишээтэй” гэж АТГ-ын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр саяхны нэгэн арга хэмжээний үеэр дурдсаныг энд эш татъя.
Ерөөсөө төсвийн хөрөнгийг дарга нар хувийн хөрөнгө шигээ ашиглаад сурчихсан, үүнийг олон нийтэд тайлагнаж, хянах боломж олгодоггүй. Иргэд бид ч татварын мөнгөөр хэрэгтэй ажил хий гэж нийтээрээ шаардлага тавьж хэвшээгүй. Ийм соёл, ойлголтод суралцаагүй. Угтаа бол төр засаг нь татвар төлөгч иргэн бүрд “Та бүхний татварын мөнгөөр ийм ажил хийлээ” гэж тогтмол тайлагнах ёстой. Ийм зарчмыг бий болгоход иргэдийн оролцоо, хяналт, шаардлага чухал байна.
Бэлтгэсэн М.Оч