Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Иргэн Г.Б, У.А, Х.Ч нарын нэр бүхий зургаан иргэн үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж байгууллагыг хуурамчаар үүсгэн байгуулж, ₮187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогджээ.
Тэднийг татварын цахим санд бүртгэл хийж, хуурамч баримтуудыг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд худалдсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 (Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах) болон 18.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар