АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденнь Япон, Филиппин улстай гурван талт дээд хэмжээний уулзалт санаачлан хийв. Улмаар Японы Ерөнхий сайд Фумио Кисидатай Жо Байден биечлэн уулзсан нь Зүүн өмнөд Ази дахь оролцоогоо АНУ нэмэгдүүлэх, АUKUS (Австрали, Британи, АНУ 2021 оны есдүгээр сард үүсгэн бий болгосон)-ын түншлэлийг өргөжүүлэхээр төлөвлөж буйн илэрхийлэл боллоо гэж хэлж болно. Гурвалын анхны энэ түүхэн уулзалт дөрөвдүгээр сарын 11-12-нд АНУ-д болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд, Филиппиний төрийн тэргүүн хүү Фердинанд Маркос нар уг уулзалтад оролцсон юм. Энэ гурван улс хамтран Хятадад дарамт шахалт үзүүлэхээр тохиролцов. Гурван талын цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Өмнөд Хятадын тэнгист хамтран харуул хийх, Тайваний байдал, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, кибер довтолгооноос хамгаалах зэрэг асуудал уулзалтын үед гурван удирдагчийн анхаарлын төвд байлаа. Тэд уулзалтынхаа эцэст хамтран мэдэгдэл хийхдээ Өмнөд Хятадын тэнгисийн эргийн хамгаалалтаар БНХАУ-ын хийж буй үйлдэлд сэтгэл зовниж буйгаа илэрхийлэв.
Түүнээс гадна Байден, Кисида хоёр Америк, Японы “цэрэг-аж үйлдвэрийн зөвлөл” байгуулахаар болжээ. Энэ нь “хамтран зэвсэг үйлдвэрлэх” боломж олгох аж. Түүнчлэн “Сар судлах асуудлаар томоохон тохиролцоонд” хүрснээ мэдэгдэв. Үүний хүрээнд Японы сансар огторгуйн судалгааны агентлаг АНУ-ын NASA-гийн “үнэ цэнтэй түнш” болох юм байна.
Тэдний мэдэгдсэнээр уг үйл ажиллагаа “аюултай, түрэмгий шинж чанартай” байгаа аж. Гурван улсын удирдагч өөрсдийн дүгнэлтийг Өмнөд Хятадын тэнгист маргаантай дэвсгэр нутагт Хятадад “түүхэн эрх байхгүй” хэмээн 2016 онд тогтоосон Гаагийн олон улсын хөндлөнгийн шүүхийн шийдвэр дээр үндэслэсэн байна. Өмнөд Хятадын тэнгисийн зарим район газар нутгийн хувьд алинд нь хамаарагдах тухайд Манил, Бээжин хоёр маргаантай байдаг. Үүнтэй холбоотойгоор байдал хурцдаж эхэлсэн учир дээд хэмжээний эл уулзалтыг зохион байгуулсан юм. Америкчууд Ази-Номхон далайн бүс нутаг дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, Хятадтай өрсөлдөх түшиц газар болгож Филиппин, Японы нутаг дэвсгэрийг аль болох идэвхтэй ашиглахыг эрмэлзэж байгаа. Хариуд нь “Холбоотны хөдөлбөргүй үүрэг” гээчийг Манил, Токиод амлаж, эдийн засгийн үр ашиг, бүс нутгийн дэд бүтцийн хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулна хэмээн Америк “толгойг нь эргүүлж” буй.
Сенкаку арлыг сануулан Өмнөд Хятадын тэнгис дэх “статус-кво”-гоо дангаар өөрчлөхийг хичээж байна хэмээн АНУ, Филиппин, Японы удирдагчид мөн Хятадыг буруутгалаа. Өмнөд Хятадын тэнгисийн хүн оршин суудаггүй Сенкаку арлын талаар Япон, Хятадын хооронд маргаан байдаг юм. Филиппин ч уг тэнгисийн Спратли арлын эргэн тойрны асуудлаар Хятадтай хэл амтай байдаг.
Тайваний хойгийн “энх тайван тогтвортой байдал”-ыг Байдан, Кисида, хүү Маркос нар “дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн сольшгүй бүрэлдэхүүн” хэмээн нэрлэв. Филиппинийн эргийн хамгаалалтын хүчийг зузаатгахад АНУ, Япон улс их тусламж үзүүлэхээр амлав. АНУ, Филиппин, Японы эргийн хамгаалалтын албад 2024 онд Энэтхэгийн болон Номхон далайн бүсэд хамтарсан харуул, тэнгисийн цэргийн сургуулилалт зохион байгуулахаар мэдэгдэлдээ тусгажээ. Эдгээр нь “харилцан уялдаа хийгээд тэнгисийн аюулгүй байдлыг хангахад” чиглэх аж. Хятадтай харилцаа сайнгүй байгаагаас Филиппин, Япон улсын аюулгүй байдлыг хамгаалах талаар хэлхээ, холбоогоо бэхжүүлэхэд бэлэн буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден илэрхийлсэн байна. “Бид эв нэгдэлтэй байвал сайхан ирээдүй бий болгоно” гэж тэрбээр хэлжээ.
Өмнөд Хятадын тэнгист цэргийн гурван талын харилцан ажиллагаагаа нэгэнт эхлүүлсний зэрэгцээ энэ үйл хэрэгтээ бусад улсыг ч татан оролцуулах болсон байна. Энэ сарын эхээр Австри, АНУ, Филиппин, Японтус бүс нутагт хамтарсан сургуулилалт хийжээ. Түүнээс гадна 2023 онд Филиппинийн цэргийн дөрвөн шинэ баазад АНУ-ын цэрэг нэвтрэх эрхтэй болж, арлын энэ улсын зэвсэгт хүчнийг шинэчлэн сайжруулахад тусламж үзүүлж, америкчуудтай шуурхай ажиллагаагаа уялдуулах боломжтой болгохоор тохиролцсон байна. Хэвлэлд мэдээлснээс үзвэл хэсэг улсыг, юуны түрүүнд Канад, Шинэ Зеланд, БНСУ, Японыг татах замаар цэргийн AUKUS эвслээ ойрын хугацаанд өргөжүүлэхийг америкчууд хүсэж байгаа аж. Австрали, Энэтхэг, АНУ, Японы хооронд аюулгүй байдлын асуудлаар яриа хөөрөө эхлүүлж, Ази-Номхон далайн бүс нутагт Quad гэдэг бүтцийг хэдийн ажиллуулаад эхэлсэн байна. Үүнд Австрали, Британи, Канад, Шинэ Зеланд, АНУ-ын тагнуулын эвсэл холбоо ч оролцож буй гэнэ.
АНУ-ын хүчин чармайлтаар Хятадын эсрэг ийм бүтэц нэгэнт бий болоод өсөж, хөгжиж буйг Бээжин л анзаарахгүй байна гэж үгүй. БНХАУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч У Цянь “Өмнөд Хятадын тэнгист тогтворгүй байдал бий болгох томоохон хүчин зүйл нь АНУ-ын хөндлөнгийн оролцоо юм” гэж саяхан мэдэгдлээ.
Тэнгисийн аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр гурван удирдагч тохиролцсоны зэрэгцээ Филиппинийн дэд бүтэц, бүтээгдэхүүн нийлүүлэх сүлжээ, эрчим хүчтэй холбоотой эдийн засгийн төслүүдэд хамтран ажиллах хүрээгээ тэлэхээр болжээ. Эдгээр төслөөс ихээхэн чухал нь Филиппинийн хүн ам хамгийн шигүү суурьшсан Лусон аралд эдийн засгийн коридор хөгжүүлэхэд АНУ, Япон дэмжлэг үзүүлэх явдал юм. Түүнчлэн тэргүүний технологи, тухайлбал, хагас дамжуулагч, утасгүй холбооны систем Филиппинд нэвтрүүлэхэд Вашингтон, Токио мөн тусламж үзүүлэхээр болжээ.
Япон дахь Америкийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд бүтцийн өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйгаа Жо Байден, Фумио Кисида нар зарлалаа. Тэд гурван талт дээд хэмжээний уулзалтаас нэг хоногийн өмнө нүүр учирсан байв. Японы Ерөнхий сайд АНУ-д хийсэн айлчлалын явцад батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай 70 орчим хэлэлцээр байгуулжээ. “Манай эвсэл бий болсон цагаас хийсэн хамгийн томоохон өөрчлөлт энэ боллоо” гэж Кисидотай хоёр цаг ярилцсанынхаа дараа Цагаан ордны тэргүүн сэтгүүлчдэд хэлсэн байна. Ялангуяа эгзэгтэй нөхцөлд саадгүй, үр дүнтэй хамтран ажиллах баталгаа бий болгохын тулд Америкийн цэргийнхэн япончуудтай хамтарсан командлалын бүтэц бий болгохоор тохиролцсон байна.
“Эгзэгтэй байдал” гэдэг нь Токио, Вашингтоны үзэж буйгаар юуны урьд Тайвань руу Хятадын хийж болзошгүй довтолгоог хэлж буй юм. Хоёр улсын зэвсэгт хүчнийг уялдуулж, бүтцийн өөрчлөлт хийх нь 60 гаруй жил болж буй Америк, Японы хоорондын холбоотны харилцаанд тохиолдож байгаа “томоохон өөрчлөлт” бөгөөд ХХI зууны нөхцөлд тохирох үйл ажиллагаа юм. Түүнээс гадна Байден, Кисида хоёр Америк, Японы “цэрэг-аж үйлдвэрийн зөвлөл” байгуулахаар болжээ. Энэ нь “хамтран зэвсэг үйлдвэрлэх ” боломж олгох аж. Түүнчлэн “Сар судлах асуудлаар томоохон тохиролцоонд” хүрснээ мэдэгдэв. Үүний хүрээнд Японы сансар огторгуйн судалгааны агентлаг АНУ-ын NASA-гийн “үнэ цэнтэй түнш” болох юм байна. Байден, Кисида нар Оросын эсрэг хатуу хориг тавьж, Украинд дэмжлэг үзүүлэхэд АНУ, Япон бэлэн байгааг хамтарсан мэдэгдэлдээ илэрхийлэв.
Хятадын шаргуу байдлыг эсэргүүцэх гэж 2021 оны есдүгээр сард Австрали, Британи, Америк улс AUKUS-ыг үүсгэн байгуулсан юм. Энэ нь ердийн зэвсэгтэй усан доогуур явдаг атомын завьтай болоход нь Австралид туслах, хиймэл оюун ухаан, дуунаас хурдан... зэрэг өндөр технологийн салбарт хамтран ажиллах гэсэн хоёр гол зорилготой. AUKUS-ыг өргөтгөх нь өөртөө геополитикийн шинж чанарыг бас агуулж байгаа. Усан доогуур явдаг атомын шинэ завь нь Тайваний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэг орлогч, манай улсад саяхан айлчилсан Курт Кэмпбелл мэдэгдсэн. Үүнийгээ Хятадыг тогтоон барих хүчин зүйл болно гэж үзэж буй юм. AUKUS-ын одоогийн бүрэлдэхүүн өөртөө Японыг нэгтгэх сонирхолтой байгаа нь шинэ технологийн боломж нэмэгдэнэ гэж үзэж буйтай нь холбоотой. Цэрэгжих замд нэгэнт орсон Япон ч AUKUS-тай нягт хамтрахаас буцахгүй байгаа аж.
Зүүн өмнөд Азийн орнуудтай АНУ ойр түншлэх нь Хятадад ихээхэн төвөг учруулж болзошгүй. Америкийн цэргийн хүч холбоотон улсуудынхаа газар нутагт байрласнаар Хятадыг бүхэлд нь улам бүр бүсэлж байна. Япон, Өмнөд Солонгос гэх мэт улстай түншлэх нь аж үйлдвэрийн өндөр технологийн сектороо хөгжүүлэх найдварыг Америкт төрүүлж, энэ нь мөн л Хятадын аж үйлдвэрт асуудал бий болгоно гэсэн үг.