Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон зарлаж, аян өрнүүлж буй талаараа өчигдөр мэдээлэв. Сүүлийн жилүүдэд орчны аюулгүй байдал болон байгаль, цаг уурын гамшигт үзэгдлээс шалтгаалсан осол нэмэгдсээр буй аж. Тухайлбал, өнгөрсөн жил гамшигт үзэгдлийн улмаас 320 хүн нас барсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 47 хүн амиа алдсан байна. Түүнчлэн улсын хэмжээнд үйлдвэрлэлийн 408 осол гарч, 57 хүн нас баржээ. Эдгээр осол нь уул уурхай, барилга, тээвэр, батлан хамгаалахын салбарт түлхүү гарсан гэнэ. Сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд зам, тээврийн осол 4140 удаа бүртгэгдсэнээс 262 хүүхэд энджээ. Түүнчлэн 3879 хүүхэд бэртсэн байна. МҮЭХ-ноос аяны хүрээнд зам, тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын стандарт, туршлагыг судалж, холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, байгалийн гамшигт үзэгдэл болон аливаа ослын үед шаардагдах техник, тоног төхөөрөмж, хувцас, хэрэгслийг шинэчлэх, хүртээмжтэй болгоход анхаарах гэнэ. Үүний хүрээнд хамтарсан хяналт шалгалт хийх, ажлын байрны эрсдэлийн түвшнийг бүх аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд судлах зэргээр ажиллах юм байна.
Бэлтгэсэн Ч.Туяа