Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 830 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 29-д нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх, 11-ийг нь хаах саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Уг 29 хэргийн нэг нь дээрх албан тушаалтантай холбоотой аж. Түүнийг ЭЭХХЗГ-ын дарга байхдаа албан тушаалаа урвуулж, өөртөө болон нэг бус хүнд эдийн засгийн давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татжээ. Тус газрын харьяа Эм шинжлэх лабораторид шаардлагатай 19.4 сая төгрөгөөр үнэлэгдэх бараа, материалыг 2022 оны арванхоёрдугаар сард мэс заслын өвчний оношилгоо, эмчилгээ, эм барих, төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Санцо мед” ХХК-иас худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлж, гэрээ байгуулсан гэнэ. Улмаар тус аж ахуйн нэгж рүү мөнгийг нь шилжүүлж, иргэн Ч.Б-т 2.9, А.Б-д гурван сая гаруйг нь өгөөд өөрөө үлдсэн 11.5 саяыг нь авсан хэрэгт буруутгагджээ.