32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж буй. Тус бүтээн байгуулалтын талаар УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
Тэрбээр “32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл шинэчилж буй явган хүний замын ажил 2023 оны аравдугаар сард эхэлсэн. Нийт 1.2 км явган хүний зам буюу 7000 ам метр талбайг шинэчилж буй. Өнгөт хавтангаар явган хүний зам хийхээр эвдрэл ихтэй, насжилт богино байгаа тул уг замыг байгалийн боржин чулуугаар хийж байгаа юм. Одоогоор ажлын явц 65 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим хэсэгт газар чөлөөлөлт, орц гарцтай холбоотой асуудлууд үүсэж байгаа. Үүнд Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран газар дээр нь зөвшилцөж, зам дагуух аж ахуйн нэгжүүд болон явган зорчигчдыг хохироохгүйгээр шийдэл боловсруулж байна. Уг бүтээн байгуулалт амжилттай дуусвал төвийн гол магистрал явган хүний замуудыг байгалийн боржин чулуугаар шинэчилнэ. 32-ын тойргоос Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургууль хүртэл бараг явган хүний замгүй байсан. Сүхбаатар дүүргээс хэсэгчилсэн байдлаар зам хийсэн байсан бөгөөд хуучин замын материалыг дүүрэгт нь хүлээлгэж өгөөд 3 метр хүртэлх өргөнтэй явган хүний зам хийж байна. Өмнө нь 1.5-2 см зузаан хавтангаар зам хийдэг байсан бол энэ удаад Монголын хөрснөөс гаргаж авсан, 4 см хүртэлх зузаантай барзгар боржин чулууг ашиглаж байгаа. Тиймээс хөрс бэлтгэлийн ажлаа сайн хийж, насжилтыг уртасгаж байна. Өмнө нь дүүргээс хэсэгчилж хийсэн замууд аж ахуйн нэгж, байгууллагуудын хашаа, шон, рекламын самбар, авто зогсоол зэргээс шалтгаалж 1-2 метрийн өргөнтэй байсан. Үүнийг боломжоор нь 3 метр хүртэл өргөтгөж байна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС