БОАЖЯ-наас байгаль хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын нэгдсэн хөтөлбөрийг анх удаа баталсан талаараа мэдээлэв. Ингэснээр улсын байцаагчийн эрхтэй, аймаг, нийслэл, сум, дүүргийн болон туслах, идэвхтэн байгаль хамгаалагчдыг анхан, дунд, ахисан шатны 40 цагийн сургалтад хамруулж, мэргэшүүлэх боломж бүрдэж буй гэнэ.
2023 онд 700 гаруй байгаль хамгаалагчаас санал асуулга авахад 90 хувь нь хууль, эрх зүйн мэдлэгээ сайжруулах, 65 хувь нь биологийн олон янз байдлын мониторингийн судалгааны арга зүйг эзэмших, 40 хувь нь галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгслийг зүй зохистой ашиглах дадалд суралцах, 30 хувь нь хариуцан ажиллаж буй бүс нутгийнхаа амьтан, ургамлыг таньж тодорхойлох, 20 хувь нь гэмт хэрэг, зөрчил илрүүлсэн тохиолдолд хэргийн газрын үзлэгийг зөв, тодорхой гүйцэтгэх, олон нийттэй харилцах чадвараа нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгааг илэрхийлжээ. Иймд олон улсын сайн жишиг, туршлагуудыг судалсны үндсэн дээр Монгол орны онцлогт нийцүүлэн энэхүү хөтөлбөрийг баталсан аж.
Байгаль хамгаалагчдыг чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулахад Дэлхийн байгаль хамгаалах сан, “Дэ нэйче консерванси”, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Ханнс-Зайделийн сан зэрэг олон улсын байгууллагын Монгол дахь салбар нэгж, “Зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн судлаач, мэргэжилтнүүд оролцжээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт хүлээлгэсэн бол үүнд шаардлагатай зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж ажиллахыг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт даалгасан байна.