Манай улс дэд бүтцийг байгаль, зэрлэг амьтдад ээлтэйгээр төлөвлөх, байгуулах асуудлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж буй ч энэ чиглэлээр дорвитой алхам хийхгүй, ахиц дэвшил гаргахгүй байгаа. БОАЖЯ, ЗТХЯ зэрэг холбогдох яам, судалгааны байгууллагынхан хамтран 2019 оноос хойш зэрлэг амьтдад зориулсан, авто болон төмөр зам дагуух гарц, гармын хоёр ч стандартыг баталсан ч хэрэгжилт нь муу, үүний дагуу хийсэн ажил ховор буй. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан үүнтэй холбоотойгоор “Зэрлэг амьтдад зориулсан гарц, гарамтай болъё” хэмээн уриалга дэвшүүлээд байна.
Төмөр болон авто замуудад стандартын гарц, гарам байгуулаагүйгээс нэг жилд 5000 орчим цагаан зээр өргөст торонд гацаж тээглэн, өлгөгдөж үхсэн тохиолдол бий аж. Ийм эрсдэлтэй бүс нутгуудад тархсан зэрлэг амьтад өдгөө “Өргөст торонд тээглэж үхэх үү, өвс, тэжээлгүй өлсөж үхэх үү” гэдэг хатуу сонголттой нүүр тулаад буйг мэргэжилтнүүд дурдлаа. Өөрөөр хэлбэл, гарц, гарамгүй, стандартын бус дэд бүтэц нь зэрлэг амьтдын тоо толгойн тогтвортой байдалд нөлөөлөх хэмжээний аюул учруулж эхэлсэн байна.
Монгол Улсад одоо барьж буй, 2025 он хүртэл байгуулахаар төлөвлөж байгаа төмөр замуудын улмаас цагаан зээр, хулан, хар сүүлт, бөхөн зэрэг ховор амьтны сүрэг 2-9 хэсэгт хуваагдаж, нүүдэл, шилжилт хөдөлгөөн нь хумигдах эрсдэлтэй гэнэ. Тиймээс цаашид зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх, гарц, гармын стандартыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг байгаль орчин, дэд бүтцийн асуудал хариуцсан шат шатны байгууллагад уриаллаа.