УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тэднийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Ц.Батбаяр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Улаанбаатар капитал санхүүгийн групп” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Сити бааз консалтинг” компанийнхан төсвөөс их хэмжээгээр мөнгө авч байсан хэмээн шалгаж эхэлсэн юм.
Тус компанийн НТГ-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн нэг үүрэг нь нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх байсан ч түүнээс хойш жил бүр нийслэлийн төсвөөс татаас авч байсан гэдэг. Ингэж татаас авахын тулд Ц.Батбаярын хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн НТГ-ын дарга Ч.Сайханбаяр болон ерөнхий нягтлан бодогч нарт 3-4 жилийн хугацаанд 400 гаруй сая төгрөгийн хахууль өгсөн хэмээн буруутгагдаж буй аж. Бидэнд олдсон мэдээллээр Ц.Батбаяр, Ч.Сайханбаяр нарын дөрвөн хүнийг эл хэрэгт яллагдагчаар татан шалгаж дууссан гэнэ.
Бэлтгэсэн: Г.Орчлон