Монголчууд Гиннесийн дээд амжилтыг дахин тогтоолоо. Тодруулбал, ой тогтоолтын "Simon" тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо.
Даралт тус бүрийн хооронд ердөө 5 секунд ба энэ хугацаанд амжиж дараагүй тохиолдолд ялагдах хатуу дүрэмтэй даалгаврыг тэд амжилттай гүйцэтгэжээ.
Гиннесийн амжилт бүртгэх хороонд 47 мянга гаруй амжилтын рекорд бүртгэлтэй байдаг ба үүнээс Монголчууд цөөнгүй амжилтыг эзэмшдэг юм. Жишээлбэл, 6002 бөхийн барилдаан, Шүдэн дээрээ хамгийн удаан тогтсон уран нугараач, 1108 тэмээний уралдаан, Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр, Хамгийн олон хөөмийч хамтдаа үзүүлбэр толилуулсан нь, Хамгийн олон удаа марафоны ДАШТ-д оролцсон тамирчин зэрэг багтдаг байна.