А… Компани нь барилгын ажил эрхлэх зөвшөөрөлгүйгээр К… аймгийн төвд 5 давхар орон сууцны зориулалттай барилгыг барьж эхэлсэн байна. Тус аймгийн ГХХБГ-ын дарга Щ… тухайн компанид барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгосон үйлдлийг прокуророос эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажил эхлэхээс өмнө холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрлийг авахаар заасан бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөн олгохыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох” дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хориглосон байна.
Гэтэл К… аймгийн ГХХБ-ын газрын дарга Щ… нь дээрх хориглосон заалтыг зөрчиж холбогдох бичиг баримт дутуу, мөн барилгын ажил нэгэнт эхэлсэн байсан А… компанид барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгож тус компанид давуу байдал бий болгожээ.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Шүүгдэгч Щ… нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, Барилгын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчиж А-…. ХХК-нд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгож давуу байдал бий болгосон нь төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялд өөрчлөлт орж торгох ялыг хассан байна.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар тогтооно” гэж заасан байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих, зорчих эрх хязгаарлах ялаас хөнгөн төрлийн ял болох торгох ялыг сонгон оногдуулах боломжтой шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх торгох ялыг сонгон оногдуулсан болно.