Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр (GSLEP)-ийн Удирдах зөвлөлийн VIII хурал Узбекистан улсын Самарканд хотод сар шинийн өдрүүдэд боллоо. Үүнд цоохор ирвэс тархан нутагладаг, Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 орны Засгийн газрын гишүүд, олон улсын байгаль хамгаалах байгууллагын судлаач, мэргэжилтнүүд, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцсон бөгөөд манай улсыг БОАЖЯ-ны удирдлагууд төлөөлжээ. Хурлын үеэр цоохор ирвэсийн амьдрах орчин, экосистемийн хамгааллын асуудлыг голчлон хөндсөн бөгөөд улс орон бүр сүүлийн гурван жилд энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ойрын зорилтуудаа тодорхойлсон Самаркандын тогтоолыг хэлэлцэн баталжээ. Мөн Энэтхэг улс цоохор ирвэсийн тооллого, үнэлгээг түүхэндээ анх удаа хийснийг онцлон ярьсан байна.
Энэтхэг дэх цоохор ирвэсийн популяц Гималайн уулсын өндөрлөг бүсэд тархан байрладаг учир өргөн цар хүрээг хамруулсан тооллого хийхэд хүндрэл учирдаг байж. Харин тус улс дахь Байгаль хамгаалах сангийн Зэрлэг амьтдын институт, Дэлхийн байгаль хамгаалах сангийн салбар нэгжийн судлаачид хамтран 2000 орчим камер байршуулж, 2019-2023 онд ажиглалт, судалгаа хийсний үр дүнд хилийн дотоод бүсэд нь 718 бодгаль байгааг тогтоож, Энэтхэг дэх цоохор ирвэсийн популяцын анхны тайланг (SPAI) гаргасан аж. Ингэснээр эл орон Бутан, Монголын адил уг амьтны тоо толгойн судалгааг шинжлэх ухааны аргачлалын дагуу, өргөн цар хүрээнд хийсэн улсын тоонд зүй ёсоор багтжээ.
Дэлхий дахинд тархсан нийт цоохор ирвэсийн 20 орчим хувь нь Монголд, тэр дундаа Алтай Соёны эко бүсэд нутагладаг гэж үздэг. Сүүлд хийсэн тооллогоор манай оронд нас биед хүрсэн 950 гаруй цоохор ирвэс байгааг тогтоосон. Тэгвэл Энэтхэг улс мөн “уулын эзэн”-ий зонхилох популяц оршдог, гол бүс нутагт тооцогдож байгааг судлаачид хурлын үеэр дурджээ. Ташрамд дурдахад, тус оронд бүртгэгдсэн цоохор ирвэсийн 66 хувь буюу 477 нь Ладакийн бүс нутагт байсан гэнэ.