2023 онд барилга угсралт, их засварын ажлын нийт дүн 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 17.1 хувиар өссөн байна. Дотоодын барилгын хувийн компаниуд нийт үнийн дүнгийн 93 хувийг дангаараа хийж гүйцэтгэжээ. Дотоодын барилгын компаниуд Улаанбаатар хотод хамгийн их дүнтэй буюу 3.47 их наяд төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бол Өмнөговь, Дорноговь аймгийн гүйцэтгэл эхний тавд бичигдэж байна. Улсын хэмжээнд хийж гүйцэтгэсэн нийт ажлын гурван их наяд төгрөг нь орон сууцны барилга, 2.5 их наяд төгрөг нь орон сууцны бус барилгын үнийн дүн эзэлжээ.
ҮСХ-ноос Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт “Оюу Толгой”-ийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил төмөр зам болон автозамын ажлууд, Дорноговь аймагт төмөр замын барилга, угсралтын ажил, Дархан-Уул аймагт зам засвар өргөтгөлийн ажил, орон сууцны барилгын ажлууд эрчимтэй явагдсаныг онцоллоо.
Үйлдвэрийн зориулалттай барилгын гүйцэтгэл хамгийн өндөр дүнтэй буюу 920 тэрбум төгрөг, 656.2 тэрбумын үнийн дүн бүхий сургууль соёлын барилга, 314.3 тэрбум төгрөгийн худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга баригджээ. Мөн их засварын ажил 284.1 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 45 хувиар өслөө. Харин инженерийн барилга байгууламжийн ажлын үнийн дүн 1.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь 2022 оны гүйцэтгэлээс буурсан үзүүлэлт юм.