Дэлхийн 100 гаруй улсаас оюутан, судлаач элсүүлдэг, Японы хамгийн анхны нэгдсэн судалгааны их сургуулиудын нэгт тооцогддог Осака их сургуулийн монгол хэлний ангид суралцах хүсэлтэй хүний тоо эрс нэмэгдсэнийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, профессор С.Түвшинтөгс мэдээллээ.
Тус сургуулийн монгол хэлний ангид суралцахаар бүртгүүлсэн залуусын тоо өнөө жил баталсан орон тооноос нь тав дахин хэтэрсэн гэнэ. Энэ нь Осака их сургуулийн бүх салбарын болон гадаад хэлний сургуулийн дунджаас давсан өндөр үзүүлэлт болжээ. 2024 оны элсэлтийн шалгалтын үеэр хамгийн их суралцагч бүртгүүлсэн хоёр хэлний эхэнд монгол, хоёрдугаарт орос бичигджээ. Ташрамд дурдахад, Осака их сургуулийн монгол хэлний ангид хэл, соёлын шүтэлцээ, монголчуудын талаарх мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн түүх, уран зохиолын хичээлүүдийг түлхүү заадаг бол төгсөх буюу гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудад монгол судлалын талаар мэдлэг олгохыг зорьдог байна.