Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас 16 журам батлахаар болсон юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХI хурал Цагаан сарын өмнөхөн болж, тэдгээрээс есөн журам, тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Үүнээс онцлох зарим шийдвэрийн талаар мэдээлэл хүргэе.
Нийслэлийн ИТХ-ын шийдвэрүүдээс олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан нь Улаанбаатар хотод олгох автомашины дугаарт хязгаарлалт тогтоох байлаа. Тодруулбал, нийслэлд олгох дугаарын дээд хязгаар 730 000 байх тогтоолын төслийг нийслэлийн ИТХ баталсан юм. Улсын хэмжээнд өдгөө 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй аж. Үүнээс 710 000 гаруй нь Улаанбаатар хотод бүртгэлтэй гэнэ. Тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр буй бөгөөд ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй бол 2040 он гэхэд нийслэлийн авто зам тэг зогсож, бүтэн өдрийн турш түгжрэх эрсдэлтэй гэсэн үндэслэлийг тогтоолын төсөл боловсруулагчид танилцуулсан. Өөрөөр хэлбэл, эрх баригчид түгжрэлийг бууруулж чадахгүй байгаа тул автомашины тоог улсын дугаараар нь дамжуулан автоматаар хязгаарлах тогтоолыг ийнхүү гаргасан нь олон хүний шүүмжлэлтэй тулгарлаа.
Дээрх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нийслэлийн ИТХ дахь АН, ХҮН намын бүлгийнхэн эсэргүүцэж, хурлыг орхин гарсан. Мөн иргэдийн төлөөлөл ч жагсаал зохион байгуулсан юм. Төлөөлөгч П.Ганзориг тухайн үед“Дугаарт хязгаарлалт тогтоох нь зохиомол эрэлт үүсгэнэ. Үүнээс улбаалан эрх мэдэлтэй хүмүүсийн авлигын сүлжээ цэцэглэх нь. Автомашины дугаарыг гар утасных шиг зардаг болно гэсэн үг. Дарамтыг нь иргэд л үүрнэ. Захиргаадалтын аргаар бус, судалгаатай, бодитой шийдвэр гаргаач ээ” гэж байв. Мөн төлөөлөгч П.Наранбаяр “Энэ бол нийгмийн хөгжилд ямар ч ач холбогдолгүй шийдвэр. Харин ч автомашины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн бизнест сөргөөр нөлөөлөх хортой шийдвэр боллоо. Мөн анх удаа машин авахаар төлөвлөж буй залуус, орлого багатай иргэдэд дарамт учруулна. Машин худалдан авах үйл явц маш төвөгтэй болох нь. Х.Нямбаатар коммунист төсөл өргөн барилаа гэж харж байна. Хотын дарга эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэдийнхээ үгийг огт сонсдоггүйн жишээ нь энэ” гэв. Түүнчлэн АН-ын бүлгээс төлөөлөгч М.Тулгат Цагаан сар болох гээд, иргэдийн анхаарал сарнисан үед ийм шийдвэр гаргах гэж буйг эсэргүүцэж байсан юм.
Ингээд АН, ХҮН намын бүлгийнхэн тогтоолын төслийг буцаан татахыг шаардсан ч нэмэр болсонгүй. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн олонхоороо баталсан. Өмнө дурдсанаар нийслэлд одоогоор 710 000 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Тэгэхээр үүн дээр нэмж 20 000 орчим дугаар л шинээр олгох боломж бий гэсэн үг юм. Үүнээс улбаалан авто машины дугаар дамлан зардаг, өндөр үнэд хүргэдэг сүлжээ үүсэх нь гэж иргэд эсэргүүцсэн. Өмнө нь жилд дунджаар 40 000 гаруй тээврийн хэрэгсэл шинээр бүртгэж байжээ.
НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХ ҮНИЙГ 1000 ТӨГРӨГ БОЛГОХ НЬ
Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусаднийтийнтээврийнүйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг ИТХ-аас баталлаа. Уг шийдвэрийн дагуу автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох нь. Тодруулбал, том хүн1000 төгрөг төлөөд, автобусаар өдөрт дөрвөн удаа зорчих гэнэ. Харин хүүхэд өмнөхийн адил 200 төгрөгөөр зорчих аж. Үүний хүрээнд бэлтгэл хангах, төлбөрийн системийн өөрчлөлт хийх зэрэг ажлыг хэрэгжүүлэх шаардлагатайг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлсэн. Бэлтгэлийг бүрэн хангасны дараа нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах гэнэ. Хугацаа нь одоогоор тодорхойгүй байна.
Улаанбаатар хот нийтийн тээврийг хөгжүүлэх сантай болох нь. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг ИТХ-аас баталсан. Энэ сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга удирдах аж. Улаанбаатар хотын өмчийн автобусыг зээлээр авч, эсвэл түрээслэн ашиглаж буй компаниудын төлсөн мөнгөөр уг сангийн хөрөнгийг бүрдүүлэх нь. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор байршуулсан зар сурталчилгааны орлогыг санд төвлөрүүлэхээр журамласан байна.
ОРОН НУТГИЙНХАН ТӨЛБӨР ТӨЛНӨ
Орон нутгийн иргэд авто машинтайгаа нийслэлд ирвэл төлбөр төлнө. Тухайлбал, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг нийслэлд48 цаг хэвийн зорчуулна. Түүнээс хэтэрвэл хоногийн 5000 төгрөгийг зам ашигласны төлбөрт төлөхөөр болов. Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу ийнхүү шийдвэрлэжээ. Улаанбаатар хотын захын гурван цэгт орон нутгаас ирж буй авто машинуудад зориулсан үнэгүй зогсоол байгуулж, тус чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулна гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулсан.
Түүнчлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмыг ИТХ-аас батлав. Уг журмын дагуу авто зогсоолуудыг төвлөрсөн, орон сууцын хороолол дундах, гудамж, зам дагуух гэх мэтээр ангилсан бөгөөд тус бүрд нь стандарт тогтоохоор тусгажээ. Тухайлбал, бүх авто зогсоол нэгдсэн цахим системд холбогдсон байх гэнэ. Мөн авто зогсоол байгуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх олгох аж.
Бэлтгэсэн М.Оч