Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон албан үүрэгтээ буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгсөн.
Тэгвэл уг шүүх хурал 2023.11.30-нд Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхэд болж. Шүүхийн шийдвэрээр Ж.Соронзонг тус сургуулийн захирлаар эргэн ажиллах боломжгүй, үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн аж.
Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 6-нд болсон байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг дахин шинжлэн судлах шаардлагатай гэж үзжээ.
Дээрх хэргийг эргэн сөхвөл, түүнийг захиралын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсны дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Орос гуравтай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр. Орос гурвын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган, жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байна.
Монгол бол тусгаар улс. Аль ч улсын ЭСЯ, БШУС-ын тушаалыг цаг нь болоогүй гэж үзэн болчимгүй мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл. ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос гуравтай холбоотой асуудалд бид цэг тавьсан.
Орос гуравдугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд, Улаанбаатар хотод байдаг. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулдаг урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн зардлаас, 16 хувийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Тиймээс өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэг байр суурь илэрхийлэх нь хуулиар хориотой зүйл гэдгийг сануулъя" гэсэн удаатай.
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Монгол Улсын иргэн Үндсэн хуульд зааснаар эрх нь хамгаалагдах ёстой. Үүнийг Засгийн газар дагаж мөрдөж, баримталдаг. Гэтэл Ж.Соронзон захирлын хэлсэн үг, хийсэн мэдэгдэл иргэнийг гарал үүслээр нь ялгаварлаж, Үндсэн хуульд заасан хүнийг эрхийг нь зөрчлөө. Энэ үйлдэл нь Засгийн газрын үзэл баримтлалтай нийцэхгүй байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүн Үндсэн хууль зөрчих ёсгүй. Тиймээс салбарынх нь сайд ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн байна. Үүнийг нь дэмжинэ” гэсэн аж.