Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцын зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 835 зөрчил буюу 24.2 хувийг нь газар дээр нь арилгуулсан аж. Бусад зөрчлийг нь арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмж боловсруулж, тэдгээр байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн гэнэ.
Хийн тоног төхөөрөмжийн угсралтыг хийн аж ахуйн байгууллагын боловсруулж баталсан зураг төслөөр гүйцэтгүүлээгүй, хугацаа дууссан, шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа явуулж буй өрөө тасалгаанд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байрлуулаагүй нийтлэг зөрчил илрүүлжээ. Мөн дээрх төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах талаар санамж, зааварчилгааг ил байрлуулаагүй, хий алдагдал илрүүлэх, дохиолох багаж хэрэгсэлгүй зэрэг зөрчил илрүүлсэн аж. Эрх бүхий албан тушаалтны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 30 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, 17.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, хоёр иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж буй гэнэ. Илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах аж.