Өнөө жилийн сар шинийн баярын өдрүүдэд зам, тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил харьцангуй цөөн гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав. Энэ сарын 9-12 хүртэлх хугацаанд зам, тээврийн ослоор 24 том хүн, хүүхэд гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22-оор цөөн үзүүлэлт болжээ. 2023 оны Цагаан сараар найман хүн ийм шалтгаанаар эндсэн бол өнөө жил нэг иргэн амиа алдсан байна.
Шинийн гурванд буюу 12-нд цагдаагийн байгууллагаас осол, зөрчлийн талаар мэдээлэл хүргэснээс хойш Монгол орны баруун, зүүн, төвийн бүсийн зарим нутгаар цас орж, хүчтэй шуурга дэгдсэнээр зам, тээврийн осол эрс нэмэгдэж, тухайн өдөр 378 тохиолдол бүртгэгджээ. Үүний улмаас дахин нэг хүн амиа алдаж, 21 иргэн гэмтсэн гэнэ.
Баяр ёслолын өдрүүдэд түгээмэл гардаг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил энэ сар шинээр эрс буурсныг дээрх төвөөс онцоллоо. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан 61 зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 83-аар цөөн буюу 57.6 хувиар буурсан үзүүлэлт болсон аж.