Шар усны үерт өртөж болзошгүй газруудад Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр гамшгийн шар түвшин тогтоожээ. Үүнд Сэлбэ голын дагуух газруудыг хамруулсан гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням энэ талаар “Нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа, тошин үүсээд байна” хэмээн мэдээлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн олон буюу 12, Чингэлтэйд ес, Сонгинохайрханд долоо, Сүхбаатарт таван байршилд халиа, тошин үүсжээ.
Эрсдэлээс сэргийлэхийн тулд нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч газар дээр нь ажиллан, далан босгох, суваг гаргах, үерийн байгууламжуудыг цэвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж. Гэсэн ч шар усны үерээс сэргийлэх ажилд оролцох хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай гэнэ. Тиймээс хүн хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлэх хүсэлтээ нийслэлийн ЗДТГ-т хүргүүлжээ. Үүнийг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их бороо орж, хөрсний ус дээшилсэн нь халиа, тошин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж цаг уурын байгууллагаас өмнө нь мэдээлж байв. Мөн өнгөрсөн өвөл ахиу цас орсны улмаас хотын нутаг дэвсгэр бүхэлдээ шахам цасан бүрхүүлтэй байгаа. Тиймээс цаг агаар дулаарах үед цас, мөс хайлж, улмаар шар усны үер болох эрсдэл тулгараад буй юм.