Цагаан сарын дараахан “Дүнжингарав” хурдан морины уралдаан зохион байгуулахаар товлосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан 57 дугаар тогтоолд “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хориглосон хугацаанд хийхээр товлосон учраас уралдааныг хойшлуулах албан бичгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрынхан зохион байгуулагчид нь өгсөн юм.
Үүний дагуу уралдааныг цуцалсан, эсэхийг дээрх газрынхнаас тодрууллаа. Тус байгууллагаас мэдээлснээр уралдааныг цуцалсан, хойшлуулсан гэх ямар нэгэн хариуг зохион байгуулагчдаас ирүүлээгүй гэнэ. Үүнтэй холбоотойгоор цаашид хэрхэн хяналт тавьж, арга хэмжээ авахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрынхнаас лавлахад “Манай байгууллагаас нөхцөл байдлыг хянаж, ажиглаж байгаа. Хэрэв хориглосон хугацаанд уралдаан зохион байгуулбал буруутай этгээдүүд нь хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн “Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх” заалтын дагуу 2700-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэх эрх зүйн зохицуулалттай” гэв.