Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэд эсэргүүцэж, нэгдүгээр сарын 13-ны өдрөөс төв талбайд жагссан. Тус хуулийг улс орны тусгаар тогтнол руу халдсан заалттай хэмээн үзэж ийн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Иргэн Э “Монгол хүн эдлээгүй давуу эрхийг гадаадынханд олгох гэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдвал Монголд татварын таатай орчин буюу “офшор” бүс бий болно” гэлээ. Харин Засгийн газраас гурван жилийн хугацаанд судалж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад гол нөлөө үзүүлэх хууль хэмээн тайлбарласан. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлаар Ардчилсан намын гишүүд завсарлага авсан. Мөн УИХ-ын Тамгын газарт тус хуулийн төслийг хойшлуулах 156 албан бичиг ирсэн учраас хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулсан юм.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар иргэдийн жагсаалтай холбоотойгоор “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагасан улстөржилт их байна. Улс хөгжиж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлмээр байна. Үүнд хөрөнгө оруулалт чухал. Гэтэл газрыг 100 жилээр эзэмшүүлнэ гэсэн үг Монгол Улсын хуульд өмнө нь байхад огт дуугараагүй хэрнээ “Газрыг 100 жилээр гадныханд өгөх нь гэж байна хэмээн жүжиглэх хэрэггүй” хэмээн байриа сууриа илэрхийлэв.
Түүний эсрэг мэдэгдлийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хийв. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө татах биш хөрөнгөгүй гадаад хүнд найр тавих гэж байна. Тэдэнд газраа өгөх далд санаа агуулж байгаа нь харамсалтай. Манайд томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн шалтгаан нь хууль, эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбоотой” гэсэн юм.
Улс төрчид энэ мэтээр байр сууриа илэрхийлж байна. Үүнээс гадна дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор хэд хэдэн асуудал олны анхаарлыг татаж буй. Энэ нь гадаадын иргэдэд 100 жилээр газар өгнө хэмээх өнцөг юм. Мөн 100 жилээр газар ашиглуулбал, үндэстний дархлаанд эрсдэл үүснэ гэх байр суурь ч бий. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын цагаачлалын тухай хуульд тухайн газар нутагт 80 жил амьдарсан бол иргэншил авах асуудал сөхөгддөг гэдгийг А.Адъяасүрэн гишүүн онцолж байсан. Харин хууль санаачлагчдын зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулиар газар олголт, виз олгох асуудлыг шийдвэрлэхгүй гэдгийг тодотгожээ.
Хуулийн төсөлд тусгасан заалтууд юу байв
Тус хуулийн төслөөр 2013 оны хуулийн хэд хэдэн заалтад өөрчлөлт орох юм. Жишээ нь,
- Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг 100 мянган ам.долларын босгогүй болно.
- Хөрөнгө оруулагчдад 100 жилийн хугацаатай газар эзэмшүүлэн, ашиглуулах дэмжлэг байснаас “эзэмших” эрхийг нь хасна.
- Хуульд буй татварын урамшууллыг хасаж, татварын хуулиар зохицуулах өөрчлөлт оруулна.
Мөн хуулийн төсөлд дараах гол агуулгыг нэмж тусгажээ.
- Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог “Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл” хэрэгжүүлнэ.
- Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах агентлагийн үүргийг нэмнэ.
- Төрөөс хийх хяналт, шалгалтыг давхардалгүй хэрэгжүүлнэ. /2-оос ихгүй давхардсан хяналт шалгалт хийхгүй/
1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар анх удаа гаднаас хөрөнгө босгох харилцааг зохицуулж өгсөн. Удаах нь 2013 онд татварын орчныг тогтворжуулах агуулгын хүрээнд хуулийг батлахдаа хөрөнгө оруулагчдад 100 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг нэмж хуульчилсан. Харин 2024 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх тогтолцоог оруулж өгсний зэрэгцээ тэдний газар эзэмших асуудлыг цуцлахаар тусгажээ.
Бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийхэд ямар асуудал тулгардаг вэ
Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа хөрөнгө оруулагчдаас судалгаа авахад хүнд суртлын механизм, татвар өндөр хэмээн хариулжээ. Олон зөвшөөрлөөс эхлээд ойлгомжгүй байдлыг арилгах асуудлыг хөндсөн байна.
Тэдний төлөөлөл Монгол дахь Америкийн худалдааны танхим /амчам Монгол/-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлэгт бид идэвхтэй оролцсон. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байх ёстой. Энэ зөвлөлийн үйл ажиллагаа цэгцрээгүй учраас хуульчлах шаардлагатай гэсэн санал оруулсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын 100 мянган ам.долларын босгыг хөндсөн. Олон улсын жишгээр хөгжиж буй улс орнууд гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн босго тавьдаггүй” гэлээ.
2009 онд Монгол Улсад 1668 гадаадын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2021 онд 69 болж буурчээ. Үүнд хууль эрхзүйн орчны тогтворгүй байдал гол нөлөө үзүүлсэн. Тиймээс нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах шаардлага үүсжээ.
Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг олон удаа хэлэлцсэн. МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь 60 орчим саналыг хүргүүлсэн. Хуулийн төсөл өмнө нь баталсан хуулиудаас сайжирсан. Энэ нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх том дохио болох учраас тус хуулийг хэлэлцэх эсэх асуудалд хуумгай хандах нь зохисгүй” гэлээ.
Дэлхийн улсууд батерейн инновацын төлөө өрсөлдөж байхад бид хөрөнгө оруулагчдыг татах уу, цааш түлхэх үү гэдэг нэгдсэн шийдэлд хүрэлгүй талцсаар сууна. Мөн тус асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга шаардлага хүргүүлсэн. Учир нь 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Ардчилсан намын үед баталжээ. Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг кабинетаас буюу УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар эсэргүүцэж буй нь цаанаа учиртай. Поп гэгддэг гишүүд ийнхүү эсэргүүцэж байгаа нь тал талын эрх ашиг хөндөгдсөнийг харуулна. Тиймээс хэний эрх ашиг хөндөгдөөд, жагсаал болж, Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандав гэдэг нь анхаарал татна.
Бодит байдал дээр, ийнхүү талцаад байгаа хууль бол Монголчууд гадны хөрөнгө оруулагчдад мөнгөө оруулах боломж олгох уу, үгүй юу гэх асуудлыг шийдвэрлэх юм. Цаашлаад энэ нь дотоодын компаниудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх тухай ойлголт юм. Дэлхийн улс орнууд цар тахлын дараа хөрөнгө оруулалтын тухай хуулиа өөрчилж, шинэчилж, уян хатан хандаж буй. Харин Монголд хандлага таагүй хэвээр байна.