-Уул уурхайг түшиглэж, эдийн засгаа хөгжүүлэх Монгол Улсын амбиц хаа хүрэх бол-
Монгол Улс 2023 онд рекорд тогтоосон нь 70 орчим сая тонн нүүрс экспортолсон явдал юм. Харин цаашид дээрх хэмжээний нүүрс экспортолсоор байх уу гэдэг асуулт анхаарал татна. Учир нь, уул уурхайн салбарын чиг хандлага өөрчлөгдөж, дэлхий “түлшээ” солих үйл ажиллагаа эрчимжсэн. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний уламжлалт эх үүсвэр болох газрын тос, нүүрс, байгалийн хийн хэрэглээ ирээдүйд хумигдана. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр бол үндсэндээ уул уурхайн салбарт шинэ жимийг гаргах луужин. Олон улс хүлэмжийн хий ялгаруулдаг уламжлалт эрчим хүчний эх үүсвэрээс татгалзаж, сэргээгдэхээр орлуулах зорилт тодорхойлж эхэлсэн нь үүний баталгаа. Манай улсын нүүрсний гол экспортлогч БНХАУ ч нүүрснээс татгалзах замдаа орсон. Австрали улс гэхэд 2030 он хүртэл нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 82 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьж, 2023 онд нүүрсний эхний станцаа хааж, 2025 онд дахин нэг станцын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөжээ.
Газрын тос экспортлогч орнууд өөрчлөлтөд нэгдсээр. Тодорхой хэлбэл, эдийн засгийн тулгуур салбартаа салхи оруулахгүй бол эрсдэл дагуулахыг урьдчилан харж, газрын тосыг орлох дараагийн ашигт малтмалын эрэлд гарчээ. Цэвэр эрчим хүчний шилжилт, түүнд шаардлагатай ашигт малтмалуудын эрэлт хэрэгцээ улам бүр өсөж байна. Энэ чиглэлд хайгуулын хөрөнгө оруулалт тэр хэрээр өснө гэсэн үг. Жишээ нь, газрын тосны магнат Саудын Араб хайгуулд зарцуулах хөрөнгө оруулалтаа 10 жилд 150 хувь өсгөнө гэдгээ “Future minerals forum” -аар зарлав. Газрын тос ирээдүйгүй болсныг энэ мэтээр урьдчилан харж, Саудын Араб G20 дахь байр сууриа хадгалж, үлдэхийн тулд ийн шилжилт хийж, бэлтгэлээ хангаж байна. Улмаар “Saudi Arabia vision 2030”-аар үндэснийхээ амбицийг бий болгов. Ингэснээр Араб залуучуудын нүдэнд гал асаж, хийх, бүтээх эрмэлзэл дүүрэн, эдийн засгийн хөгжлийг бий болгохын төлөө ажиллаж байна. Мөн 2019 онд Уул уурхайн хөрөнгө оруулалтын хууль баталж, дээрх шилжилттэй уялдуулсан. Ингэхдээ газрын тосноос бий болгосон хөрөнгөө, “Айвэнхоу майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдландын туршлагатай хослуулан, эдийн засгаа хөгжүүлэхээр төлөвлөжээ.
“S&P global”-ын 2021 онд гаргасан судалгаанаас харахад Австралид 379, Чилид 208, Замбид 98, Монголд уул уурхайн 18 төсөл идэвхтэй хэрэгжиж байна. Энэхүү статистикаас тус салбарт “алаад” байгаа гэх манай улс дэлхийн бусад төсөлтэй харьцуулахад доогуур төвшинд явж буй.
Уул уурхайн олон улсын компаниуд хөрөнгө оруулалтаа ийн критикал гэгдэж буй ашигт малтмалын хайгуул руу чиглүүлэв. Улмаар хөрөнгө оруулалтыг татах гэсэн улс орнууд өрсөлдөж, шинэ стратеги боловсруулж буй. Дэлхийн хайгуулын салбар жилд 10-20 тэрбум ам.доллар зарцуулдаг. Энэхүү хөрөнгө оруулалтын 96-97 хувь Австрали, Канад, Америк, Хятад, Чили, Перу, Баруун Африкийн улсууд руу шингэдэг юм. Ирээдүйд хайгуулын хөрөнгө оруулалт 30-60 тэрбум ам.долларт хүрэхийг эдийн засгийн шинжээчид хэлдэг. Мөн цахилгаан машины үйлдвэрлэл, ногоон уул уурхайн шилжилттэй холбоотойгоор дэлхийн нийт металлын хэрэгцээ 3-4 дахин өснө. Тиймээс дараагийн ордыг нээж, хөрөнгө оруулалт босгож, технологи эзэмшихийн төлөөх өрсөлдөөн ид өрнөж байна. Гол тоглогч болох Австрали улс Америк, Энэтхэгтэй хамтран ажиллах эхний алхамаа хийсэн. Мөн Баруун Австралид батерейн үйлдвэр барихаар судалж байна. Канад улс Төрийн бодлого, стратегидээ цахилгаан машины үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тусгаж, 1.6 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Герман улстай цахилгаан машины үйлдвэрлэлд хамтран ажиллах санал тавьсан. Үүнтэй зэрэгцээд Африк тивийн Конго тэргүүтэй гурван улсад Төв Африкийн хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан батерейн үйлдвэр барихаар зэхэж буй.
БНХАУ цахилгаан машины үйлдвэрлэл, батерейн чиглэлээр дэлхийд тэргүүлж, технологио эзэмшдэг. 2050 онд автомашиныхаа 35 хувийг цахилгаан болгохоор зорьсон. Тус улс дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн гуравны хоёрыг эзэлдэг. Жишээ нь, 2023 онд Хятадын BYD компани 1.57 сая ам.долларын цэвэр цахилгаан автомашин болон 1.4 сая хос хөдөлгүүрт машин борлуулжээ. Гэтэл “Тесла” 1.8 сая машин худалджээ. Түүнчлэн дэлхийн олборлолтын үзүүлэлтээр Хятад, АНУ, Австрали тэргүүлдэг. 2019 оны статистикаас дурьдвал суурь металлын олборлолтын 22.9 хувь Хятад, 3 хувь Америк, 2.9 хувь Европын холбоонд хамааралтай. Улмаар баяжуулах үйл ажиллагааны 44.8, үйлдвэрлэлийн 50.3 хувийг Хятад дангаараа бүрдүүлж байна. Үүнээс Хятад улс дээрх гурван шатанд өндөр хувь эзэлж, толгой цохиж явааг харж болно. Ашигт малтмалаа ангижруулах, салгах явц дангаараа Хятадад хамаатай. Тиймээс эрдэс баялгийг олборлохоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат болгонд Хятад улс өөрийн байр суурийг бат эзэлжээ.
Эрэлт хэрэгцээ өндөр үед ашигт малтмалын нөөцтэй нь нөөцөөрөө, технологи эзэмшигчид нь технологиороо өрсөлдөж байна. Австрали улс гэхэд уул уурхайн дата баазаа өндөр түвшинд хөгжүүлж, хөрөнгө оруулагчдад дээрх зураглалаа харуулж, хамтран ажиллах санал тавьж байна. Парисын хэлэлцээр, хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн зорилтын хүрээнд энэ мэт ажлууд эрчимжиж буй.
Нөгөө талдаа Хятадын дээрх байр суурийг задлахын тулд “Friendshoring” буюу “Найзын ашигт малтмалыг олборлох” стратеги ч хүчээ авсан. Хэн нь уул уурхайн салбарын шинэ салхийг мэдэрч, зөв хөдлөхөөс шалтгаалж, байр сууриа тодорхойлно гэсэн үг.
Монгол Улс ямар стратеги барих вэ
ШУТИС-ийн багш, судлаач М.Дагва “Уул уурхайн шинэ салхийг мэдэрч, хоёр хөрш ба гуравдагч хөршийн бодлогоо уялдуулан, уул уурхайн салбараа шинээр хэлбэршүүлэх ажил биднийг хүлээж байна. Уул уурхайн топ компаниуд чухал ашигт малтмалын төслүүдийг түлхүү худалдан авах замаар эрчим хүчний шилжилтэд өөрсдийгөө бэлтгэж байгаа юм. Судалгааны байгууллагуудын мэдээлж буйгаар зөвхөн 2021 онд чухал ашигт малтмалуудыг худалдан авсан дүн 2020 онтой харьцуулахад хоёр дахин өссөн. Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үүднээс чухал ашигт малтмалын төслүүд төвлөрсөн бүс нутаг, улс орнуудад уул уурхайн олборлолт, боловсруулалтын дараагийн шатны үйлдвэрлэлүүдийн тодорхой шат дамжлагуудыг байгуулж болохоор хандлага ажиглагдаад эхэллээ. Өнөөдөр бидний эргэн тойронд уул уурхайгаас эхлээд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл хүртэлх шинэ экосистем бүрэлдэж буй. Магадгүй 2030 оны үед дүр төрхөө олоод төлөвшчих байх. Тиймээс энэ үйл явцын гадна үлдчих вий гэх айдас байна” гэлээ.
Тодруулбал, Монголчууд дотроо “жийлцэж” байх хооронд дэлхийн уул уурхайн зах зээл ийн өөрчлөгдлөө. Гэтэл Монгол Улс хөрөнгө оруулагчдыг татах эхний шалгуур болох суурь судалгаагаа орхигдуулсан. Өнгөрсөн зуунд ЗХУ, Герман, Чех, Болгар, Польш улсуудтай хамтарч хийсэн хуучин судалгаа өдгөө архивт тоосонд дарагдан мартагджээ. Тиймээс ашигт малтмалын суурь судалгааг шинэ түвшинд гаргах менежмент үгүйлэгдэж байгаа нь түүхэн үнэн. Хэдийгээр хуучин статистикт үндэслэн МАК, “Оюутолгой”, “Тавантолгой” компаниуд өндийсөн боловч XX зууны мэдээллээр хөрөнгө оруулагчдыг татах боломжгүй.
Манай улсад уул уурхайн хөгжил 100 жилээр яригддаг ч сүүлийн 10 жилд эрч нь суларсан. Ядаж гацаанд орсон хайгуулаа хөгжүүлж, дараагийн боломжоо эрэлхийлэхгүй бол нүүрсээр төсвийн орлогоо бүрдүүлдэг үе ард хоцорсныг мэргэжилтнүүд сануулсаар ирлээ. Гол худалдан авагч урд хөршийн нүүрсний оргил үе 2025 онд тохиож, үүнээс хойш буурч, тэг болно. Дэлхий даяар ногоон суурьт уул уурхайг хөгжүүлэхээр зорьж, томоохон төлөвлөгөө гарган, ажиллаж байна. Харин Монголын уул уурхайн салбарт салхи оруулж, шилжилтэд бэлтгэх төсөл хөтөлбөр төрийн түвшинд огт яригдсангүй. Энэ зуур Хятадын нүүрсний импортод 10 гаруй жилийн нас үлдэв. Өөрөөр хэлбэл, үлдсэн хугацаанд нүүрсээ экспортлохын зэрэгцээ дараагийн гарцыг хайх сорилтын өмнө иржээ.
Гэтэл Монголчууд 100 жилийн хойно ч учраа олоогүй хэвээр байна. Уул уурхайн том тоглогчидтой юун тоглох. Эсрэгээрээ тоглоомоо эхлүүлж чадахгүй, ухрах нь. Уг нь Хятад, Оросын дунд хавчуулагдсан манай улсын ногоон уул уурхайг хөгжүүлэх нэг гарц нь критикал минерал. Дипломат аргаар, гуравдагч хөршийн бодлогодоо дээрх ашигт малтмалын стратегиа оруулж өгвөл “гэрэл аслаа” л гэсэн үг. Энэхүү бодлогоор л дамжуулан олон улстай хөл нийлүүлэн алхах боломж бий.
“Алсын хараа 2050”-д Монголын эдийн засаг 4.5 дахин өснө гэж тусгажээ. Эдийн засгийн 30 хувийг өнөөх л уул уурхайн салбар эзэлж, 30 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм гэсэн. Ингэснээр нэг хүнд ногдох ДНБ-ийг 15-18 мянган ам.долларт хүргэхээр зорьжээ. Гэхдээ дэлхий ногоон уул уурхай руу шилжиж буй энэ үед нүүрс бол тогтворгүй “багана”. Газрын тосны магнатууд дараагийн ашигт малтмалын эрэлд гарсан шиг Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох дараагийн ашигт малтмал юу вэ. Одооноос төлөвлөхгүй бол дэлхийн чиг хандлага өөр тийш эргэсэн. Тиймээс нүүрс суурьтай Монголын уул уурхайд ирээдүй үгүй шахам.
Хятадын эдийн засгийн өсөлтөөс хамгийн их хожсон улс нь Австрали. 1990 оноос хойш нүүрсээ Хятадад худалдсан бол Монгол Улс 2013 оноос экспорт эрчимжсэн. Австрали шиг Хятадын том зах зээлийг Монгол Улс урт хугацаанд ашиглаж чадаагүй. Харин энэ алдаагаа дахин давтах уу, эсвэл уул уурхайн салбарын салхийг мэдэрч, шинэ жимийг татуулах уу гэдэг нь эрх баригчдын бодлогоос бүрэн хамаарна. Харамсалтай нь, өнөөгийн бодлогоор дэлхий “түлшээ” сольсон ч Монгол Улс нүүрсэндээ найдсаар сууна.