Сонгууль дөхөхөөр хөнддөг сэдэв, “мөлждөг яс” гэж бий. Хамгийн гол нь асуудлыг шийдвэрлэхгүй, сэвээд иргэдийн тархийг угаах механизм ажилладаг. Тухайн сэдвээр улс төрчид оноо авах гэж хүслийн жагсаалт гаргаж, иргэдийн тархийг угаадаг гэсэн үг. “Оюутолгойн гэрээ”, метро, аж үйлдвэр, цалин тэтгэврийн нэмэгдэл, ипотек, татварын шинэчлэл зэрэг сэдвүүд хөвөрнө. “Оюутолгой төсөл”-ийг “мөлжиж”, албан тушаал ахисан төрд суусан сэтэртнүүд бий. Тэрдундаа “Оюутолгойн гэрээ”, “Дубайн гэрээ”-г ярьж, иргэдээс оноо авч УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшээд авсан “Босоо” С.Ганбаатарыг дурьдахгүй байхын аргагүй. Тэгвэл түүний халааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо үргэлжлүүлж байна гэхэд хилсдэхгүй. Тэрбээр сонгуулийн сургаар “Оюутолгойн гэрээ”-тэй холбоотой асуудлыг сөхөж, иргэдийн анхаарлыг татах үйлдэл удаа дараа гаргасныг анзаарав уу.
Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” групп 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Улмаар гүүний уурхайн үйл ажиллагаа өнгөрөгч гуравдугаар сараас эхэлсэн.
Гүний уурхайн нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ. 2022 онд “Оюутолгой” компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг хэлэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, харилцан ойлгож чаддагийн томоохон илэрхийлэл бол “Оюутолгой төсөл” юм” гэж цохон тэмдэглэсэн.
Гэтэл дээрх үйл явдал болсноос хойш найман сарын дараа ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Оюутолгой”-н сэдвээр жиргэж, асуудал хөндөж эхэлсэн. Ингэхдээ тэрбээр Австралийн хэвлэлээр гарсан материалыг өлгөн авчээ. Улмаар “2020 онд Оюутолгойн ажлын хэсгийн яриа хэлэлцээнд бэлдэх зорилгоор “Оюутолгой” төсөл, “Рио Тинто”-той холбоотой мэдээллийг аль болох олон эх сурвалжаас авахыг эрмэлзэж ажилладаг байлаа. Тухайн үед монгол хүний хувьд ийм агуулгатай мэдээ, нийтлэл уншаад харамсалтай л санагдсан. Бид илүү сайн ажиллаж улсынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Тус төслийг илүү тэнцвэртэй, харилцан ашигтай байх зарчмаар хамтарч хэрэгжүүлэх яриа хэлэлцээ үргэлжилнэ” гэх агуулга бүхий санааг хэд хэдэн удаа илэрхийлсэн байгаа юм.
Дээрх асуудалд бүхэл бүтэн улсаа төлөөлж, ажлын хэсгээ ахалж байсан хүн атлаа гадны хуулийн фирм хөлслөөд мэргэжлийн хандахын оронд хов жив хөөцөлдөж, буруутан хайсан, өөрөөсөө зайлуулсан гаргалгаа, санаануудыг илэрхийлэх болсон нь олны дургүйцлийг хүргээд байна. Гүний уурхайг эхлүүлэх шийдвэрт Засгийн газар нь санал нэгдээд, ажил нь эхэлчихээд байхад гэнэт асуудал хөндөж, олноос оноо авах гэсэн үйлдлийг гаргах болсон нь хачирхалтай. Ер нь гүний уурхай нээх болохоор Ерөнхий сайдтайгаа бүгд очоод хундага өргөж, харин сонгууль дөхөхөөр тус төслийг шүүмжилж, асуудал гаргаж ирдэг нь анхных биш. Ажлын хэсэгт нь энэ мэтээр орж ажиллаад, “Рио Тинто”-той гэрээ тохирч, гар барьчихаад сонгуулийн дуулианаар “Оюутолгойн гэрээ”-г иргэдэд ашигтай болгох нэр зүүдэг тактик өмнө ч өрнөж байсан.
Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь уул уурхай. Тэр хэрээр улс төрчид тус салбарыг “мөлжиж”, хөлждөг. Олон жил эдийн засгийг солонгоруулах тухай ярьсан ч өнөөдөр уул уурхайн салбараас хараат байдал үргэлжилсээр. Харин аливаа асуудал шийдвэрлэгдэхийн оронд сонгуулиас сонгуулийн цикл дамжин, мөрөөдлийн жагсаалт мэтээр хөвөрдөг байдал хачирхалтай нь засрахгүй нь ээ. Товчхондоо ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоогийн сонгуулийн синдром эхлэв бололтой.