Монгол, Вьетнам улсуудын хооронд 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоожээ. Монгол улсаас анхны Элчин сайд Баянбаатарын Очирбат томилогдож Вьетнамын удирдагч Хо Шиминд Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан түүхтэй.
1990-ээд оны үед зогсонги байдалд ороод байсан хоёр орны харилцаа сүүлийн үед бүх салбарт эрчимтэй өрнөж байна. 1991 оныг хүртэл хоёр орны харилцаа социалист хамтын нөхөрлөлийн хүрээнд явагдаж, хоёр талаас өндөр, дээд хэмжээний айлчлалууд харилцан хэрэгжүүлж хэвшсэн. 1961 онд байгуулж, 1979 онд шинэчлэн баталсан “Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ”-г 2000 онд дахин шинэчилжээ. Мөн Олон улс, бүс нутаг, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Вьетнамыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлд болон ДХБ-д гишүүнээр элсэхэд болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход Монгол Улс дэмжиж байсан. Харин манай улсыг АСЕМ, АСЕАН-ы бүсийн чуулганд элсэхэд Вьетнам дэмжсэн.
Дипломат харилцааны хүрээнд хоёр орны хооронд төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалууд тогтмол хийгдсээр ирсэн. 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнам, Монголын Найрамдлын Нийгэмлэг (ВМНН)-тэй хамтран Монгол, Вьетнам улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн ёслолыг Ханой хотноо зохион байгуулж байсан.
Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комисс 1979 онд байгуулагдсан. 15-р хуралдаан нь 2012 оны гуравдугаар сард Ханой хотноо болжээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт жилд дунджаар 30 орчим сая ам.доллараар илэрхийлэгдэж байна.
2020 оны арванхоёрдугаар сард Монгол улсын ГХЯ, Вьетнамын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын тохиролцооны дагуу Вьетнамын цагдаагийн газар морин эргүүл явуулах зорилгоор Монголоос 100 адуу онгоцоор тээвэрлэн авчээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ /2021 оны 9 дүгээр сарын 22/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктэй уулзав. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар талууд санал солилцсон байна.
Монголын Элчин сайд нар:
- Баянбаатарын Очирбат (1954-1958)
- Д.Цэрэндорж /1963-1968/
- Д.Батаа /1969-1972/
- О.Цэнд /1972-1976/
- А.Цолмон (2000-2004) - мэргэжлийн дипломат
- П.Сүндэв (2008-2012) - хилийн цэргийн хошууч генерал
- Д.Энхбат (2012-2017) - вьетнам хэлтэй дипломат
- Д.Билэгдорж (2017-2021) - вьетнам хэлтэй дипломат
- Ж.Сэрээжав (2021- )- мэргэжлийн дипломат
Вьетнамын Элчин сайд нар
- Хоанг Туан Тхинь (2010-2014) монгол хэлтэй
- Хатагтай Доан Тхи Хыөнг (2015-2020.12 сар)
- Зоан Хань Дам (2021-)