-14 сая гаруй компани хөгжлийн төлөө хүч сорьж байна-
Хятадын зүүн хэсгийн далай дагуу оршдог, 100 сая гаруй хүн амтай, эдийн засгийн үзүүлэлтээрээ гуравдугаарт эрэмбэлэгддэг Шаньдүн мужийн талаарх тэмдэглэлээ сийрүүлье. Тус муж нь Хятадын аж үйлдвэрийн бааз болж, хойд бүсийн эдийн засгийн хөгжлийн стратегийн тулгуур төв болтлоо хөгжсөн. Энэхүү хөгжлийн нууцад Хятад хэв загварын орчин үеийн шинэчлэл, шинэ эриний хүчирхэг мужийн бүтээн байгуулалтыг цогцлоох томоохон амбиц нь хөтөлжээ. Мөн Үндэсний хэмжээний стратегийг хэрэгжүүлж, хуучин шинэ арга барилыг хослуулж, үр дүнд хүрсэн гэдгийг цохон тэмдэглье.
Эдийн засгийн үзүүлэлтүүдээс дурдвал, тус бүс нутгийн ДНБ 2022 онд 8.74 их наяд юань, жилийн дундаж өсөлт 5.4 хувьтай байв. Улсын нэгдсэн төсвийн орлого 710 тэрбум 400 сая юаньд хүрчээ. Импорт, экспортын хэмжээ 3 их наяд юанийг давж, гадаадын хөрөнгийн эргэлт хоёр дахин өсөв. Мөн далайн эдийн засгийн нийт хэмжээгээрээ улсдаа хоёрдугаарт, далайн боомтуудын нэвтрүүлэх чадвараараа нэгдүгээрт ордог байна. Далайн био анагаах ухаан болон бусад үйлдвэрлэлийн ашгаараа улсын хэмжээнд тэргүүлж, үндэсний зэрэглэлийн далайн фермийн “жишиг” бүс нь улсынхаа 40 хувийг эзэлдэг.
Тус том зах зээлд 14 сая гаруй компани хүчээ сорьж, Fortune 500-д дөрвөн компани шинээр нэмэгджээ. Бизнест байр сууриа бататгасан “Хайер”, “Хайсенс”, “Цинтао”, “Вэйчай”, “Ваньхуа” зэрэг Хятад болон дэлхийд алдартай хэд хэдэн аж ахуйн нэгжийн өлгий нутаг. Тиймээс 14 сая гаруй компаниас хөгжлийн болоод технологийн дэвшлээрээ түүчээлэгчид жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм.
Тэргүүлэх эдийн засгийн үзүүлэлтэд хүрэхийн тулд сүүлийн 10 жилийн хугацаанд Шаньдүн муж шинэ үеийн мэдээллийн технологи, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, шинэ эрчим хүч зэрэг "Шилдэг арван аж үйлдвэр"-ийг хөгжүүлэх стратегийг барьжээ. Эрчим хүчний тоног төхөөрөмж, төмөр замын тээврийн хэрэгсэл, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг аж үйлдвэрийн кластерийг бий болгожээ. Ингэснээр нийт хөрөнгийн хэмжээ нь 7.2 их наяд юаньд хүрсэн. Кластерийн чиглэлээр 217 тэргүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, дэмжиж, үйл ажиллагааны нийт орлого нь 2.6 их наяд юаньд хүрэв. Мөн "Шилдэг арван салбар"-ын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, хөгжлийн замд түүчээлсээр байна.
Квантын хиймэл дагуул, хамгийн сүүлийн үеийн материал, биотехнологи зэрэг хэд хэдэн шинэчлэлийг тасралтгүй хийсээр байгаа юм. Тус хиймэл дагуулыг хөөргөснөөр сансар ба дэлхийн хооронд дундаас нь ямар ч мэдээллийг задруулах боломжгүй “квантын” харилцаа холбоо юм. Дэлхийн квантын шинжлэх ухааны анхны туршилтын хиймэл дагуул болох "Мози"-г Жинань хотод дэлхийн бөмбөрцөгтэй холбох туршилт хийжээ.
120 жилийн түүхтэй Цинтао шар айраг
Шаньдүн мужийн Чиндао хотод ирсэн хүн бүр Цинтао шар айраг хүртэж, тус үйлдвэрийн музейг үздэг уламжлалтай. Дэлхийн 100 гаруй үйлдвэрт борлуулалт хийж, “Хүчирхэг 500” брэндийн тоонд ордог Цинтао шар айрагны үйлдвэр 120 жилийн түүхтэй. Энэхүү түүх Германы колончлолоос эхлэлтэй. Германчуудад анх зориулж хийсэн тус пивоны үйлдвэр хожим япончуудын мэдэлд шилжсэн ч амт чанар өнгө зүсээ алдалгүй, өнөөдрийн зах зээлд түүчээлж байна.
Чиндао шар айрагны музей нь зуун жилийн түүхтэй Герман загварын барилга, тоног төхөөрөмжийг бүрэн ашиглаж, Чиндао шар айрагны хөгжлийн явц, архи нэрэх мэргэжлийг орчин үеийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай хослуулан, Дорно дахины болон Өрнө дахины соёлыг нэгтгэж, соёлын түүхийг хадгалж, архи нэрэх мэргэжлийг хөгжүүлжээ.
Чиндао хотод Цинтао шар айрагны мухлаг, тусгай баар, уушийн газрууд олон. Далайн эргээр аялж, дарвуулт завиар зугаалангаа Цинтао шар айраг шимдэг жишиг тогтжээ.
Хятадын эдийн засгийн түүхийг бичилцсэн “Хайер”
Шандүнь мужийн Чиндао хот бол үйлдвэрлэлийн том хот. Анх 1920 онд БНХАУ-ын Чиндао хотод хөргөгчний үйлдвэр байгуулснаар “Haier” корпорацийн түүх эхэлжээ. Хятад улсын эдийн засгийн түүхийг тус компанитай холбон үздэг. Германы “Liebherr” компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэлийн шинэчлэл хийснээр “Haier” корпораци өнөөдөр гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, дотоодын зах зээлдээ хамгийн үнэ цэнэтэй брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чаджээ.
Тус корпораци дэлхийн 30 гаруй улс оронд 240 гаруй салбар компани, 50 мянга гаруй ажилтантай, дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрлэгч юм. “Haier” корпораци 2013 оны хоёрдугаар улиралд Японы “Sanyo” корпорацийн зүүн өмнөд ази дахь үйлдвэрүүдийг технологи, бүтээгдэхүүнүүдийн хамт худалдан авч, Японы зах зээлд хөл тавиад байна. Тус корпорацийн жилийн цэвэр ашиг 15 тэрбум юаньд хүрчээ. Тодруулбал, 2022 онд Чиндао “Haier” угаалгын хэрэгсэл ХХК-ийн бизнесийн гол орлого 5 тэрбум 280 сая юаньд хүрч, жилийн татварын орлого 131 сая юаньд хүрчээ. Энэ нь манай улсын жилийн төсвөөс давсан орлого юм.
Монгол Улстай хамгийн ойр бүрэн автомат, ухаалаг боомт
Шаньдүн мужийн Чиндао хотод бүрэн автомат, ухаалаг боомт бий. Тус боомт нь ачаа тээвэрлэх чадвараараа дэлхийд нэгдүгээрт, чингэлэг тээвэрлэх чадвараараа дэлхийд гуравдугаарт ордог. Шаньдүн боомтын Чиндао гарамын бүрэн автомат контейнер терминал нь аж үйлдвэрийн интернэт, IoT, 5G, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан гэх мэт дэвшилтэт технологиудыг нэгтгэн, чингэлгийн үйл ажиллагаанд ухаалаг шийдвэр гаргах, системийн менежментийг хэрэгжүүлж байна. Ингэснээр дэлхийд тэргүүлэгч, Ази тивд анхны бүрэн автомат контейнер терминалыг байгуулж чаджээ. Энэ нь дэлхийн анхны "устөрөгч + 5G" буюу ухаалаг ногоон терминал болсон юм.
Тус терминалд зургаан хөлөг онгоцны зогсоолыг төлөвлөж, терминалын зогсоолын нийт урт нь 2088 метр. Энэ нь дэлхийн хамгийн том контейнер хөлөг онгоц зогсож болох боомт юм. Жил бүр 5.2 сая TEU-ний хэмжээтэй, 16 автомат гүүрэн кран, 76 автомат төмөр замын кран, 83 автомат удирдлагатай тээврийн хэрэгсэлтэй.
Бүрэн автомат, ухаалаг боомт барих төсөл нь 2013 оны аравдугаар сард батлагдаж, нийт 13.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаас 11.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгээд байна. Нээлтээ хийснээс хойш 2600 гаруй хөлөг онгоцны бараа ачиж, буулгах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Уламжлалт терминалуудтай харьцуулахад үйл ажиллагааны үр ашиг нь 30 хувиар өсөж, хүний хүчийг 80 хувиар хэмнэж байна.Терминалын ачих, буулгах дундаж үр ашиг нь цагт 36.2 контейнерт хүрчээ. Энэ нь хүний хүчээр ачиж, буулгах терминалын ажлын үр ашгийг эрс нэмэгдүүлсэн дэлхийн анхны автомат терминал юм. Хамгийн ихдээ цагт 47.6 контейнерийг ачиж буулгах хүчин чадалтай.
БНХАУ-ын Шаньдүн муж нь газарзүйн давуу байрлал, аж үйлдвэрийн цогцолбортоо тулгуурлан, олон улсад нээлттэй байх бодлого барьж байна. 1979 онд Япон улсын Шимоносэки хот болон Чиндао хот хоорондоо анхны нөхөрсөг харилцаа тогтоосноос хойш дэлхийн 94 улсын 618 хоттой ах дүү хот, найрсаг хамтын ажиллагааны хот байгуулжээ. Үүний дотор “Бүс ба Зам”-ын дагуух 66 улсын 313 хотыг багтаажээ. Шаньдүн муж цаашдын хөгжлөө “Уул нь ногоон, ус нь тунгалаг” хэмээн тодорхойлж, ази тив болоод дэлхийд хөгжлийн нууцаа хуваалцаар байна.