Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 2022-2023 оны сургуулийн жилийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн нэгдсэн тактик хээрийн сургуулийг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Буянт-Ухаа раойнд гурван үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургуулиар Агаарын цэргийн бүх шатны командын байруудыг хамруулсан олон шатны дадлага явагдаж, үүсгэсэн цагийн байдлын дагуу агаарын довтолгооноос хамгаалах бүлэглэлийг байгуулан хөдөлгөөн үйлдэж, өнгөлөн далдлах, хууран мэхлэх ажиллагааг зохион байгуулж, хээрийн байрлалд бодит агаарын цельтэй тактикийн сургууль явуулав.
Сургуулиар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргээс зенитийн пуужинт-артиллерийн хүч хэрэгсэл хамтран оролцсон бөгөөд сургуулийн явцад шинээр зохион бүтээсэн үүрэн холбооны оператор ашиглан агаарын байг илрүүлэн дамжуулах программ хангамж, амиа золиослогч дрон, дроны удирдлага алдуулан тэмцэл явуулах хэрэгслүүдийг туршиж, Хилийн цэргийн отряд, застав, Иргэний нисэхийн ерөнхий газар, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын аюулгүй байдлыг хангах албатай харилцан ажиллагааг тодотгох зэрэг дасгалуудыг боловсруулснаараа онцлог байлаа.