Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа нар Ханнс-Зайделийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оливер Иёрг, тус сангийн Төв болон Зүүн хойд Ази дахь төсөл хариуцсан хэлтсийн дарга Вероника Айхинга, Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Ионатан Гленк нарыг есдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Улсын дээд шүүх Ханнс-Зайделийн сан хоорондын 2001 оноос эхэлсэн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа талууд уулзалтын эхэнд илэрхийлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн талаарх зохицуулалт, шүүхийн шинэчлэл болон Улсын дээд шүүхийн чиг үүргийг Ерөнхий шүүгч товч танилцууллаа. Тэрбээр “Шүүгчдийг сургах, дадлагажуулахад Ханнс-Зайделийн сан маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид академик түвшний сургалтаас гадна ХБНГУ-ын шүүгчдээс туршлага судлах талаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байна. Мөн шүүхийн үйл ажиллагааг цахимжуулахад туршлага солилцож, хамтран ажиллахыг хүсье.” гэв.
Ханнс-Зайделийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оливер Иёрг “Хамтын ажиллагаандаа манай сангийн хамт олон сэтгэл хангалуун байгаа. Хоёр улсын шүүх эрх мэдлийн салбарт тулгарч буй асуудал, бэрхшээл ойролцоо. Тиймээс харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Шүүгчид биечлэн болон цахимаар харилцан туршлага солилцох, хамтран ажиллахыг бүх талаар дэмжиж ажиллана. Дижитал эрин үед шүүх эрх мэдлийн цахимжуулалтыг хөгжүүлэхэд ч анхаарч ажиллах шаардлага байна.” гэсэн юм.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа хамтын ажиллагааны үр дүнг онцлоод Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлаар туршлага судлах боломж олгосонд талархал илэрхийллээ.
ХБНГУ-ын эрүүгийн эрх зүйн хөгжлөөс туршлага судлахаас гадна шүүхийн шийдвэр бичих аргачлалын талаар шүүгчидтэй хамтран ажиллах саналаа Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр хэлсэн юм.
Сургалт, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах саналыг дэмжиж, шүүгч, эрдэмтэн, судлаачдыг оролцуулахаа Ханнс-Зайделийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлэв.
Уулзалтад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Төслийн зохицуулагч С.Мөнхжаргал нар байлцлаа.
Ханнс-Зайделийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оливер Иёрг, Вюрцбургийн их сургуулийн доктор, профессор Эрик Хилгендорф нар 2023 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгчдэд цахим нотлох баримт, улс төрийн намын бүртгэлийн талаарх ХБНГУ-ын туршлагын талаар мэдээлэл хийж, сургалт зохион байгуулж байгаа юм.