Зорчигч тээврийн “Драгон” төвийг нүүлгэнэ гэж албаныхан энэ сарын эхнээс л ярьсан. Нүүлгэх хугацааг нь эхлээд энэ сарын 21 гэж тогтоогоод байснаа дараа нь 24 болгож өөрчилсөн юм. Үүний дагуу өчигдөр газар дээр нь очиж, тус төвийг нүүлгэсэн, эсэхийг сурвалжиллаа. Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд бол өдгөө “Драгон холдинг”-т байрлаж буй Зорчигч тээврийн төвийг Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах “Номин реалтор” ХХК-ийн агуулахын талбай руу нүүлгэж эхэлжээ. Орон нутгийг зорих иргэд дээрх талбайгаас өнөөдрөөс эхлэн зорчих гэнэ. Тус төвөөс хот хоорондын 54 чиглэлд 58 аж ахуйн нэгж, байгууллагын 700 гаруй автобусаар үйлчилж, жилд дунджаар 1.5 сая орчим зорчигч тээвэрлэдэг аж.
Зорчигч тээврийн төвийг нүүлгэснээр нийтийн зориулалттай талбай өмнөхөөсөө тав, үйлчилгээний заал нэг, хүлээлгийн танхим хоёр дахин томрох боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний зохион байгуулалт, чанар, хүртээмж сайжрах боломжтой гэж Авто тээврийн үндэсний төвийнхөн үзэж буй юм.
“Драгон холдинг” үйлчилгээний төвийн дэргэд өнгөрөгч тавдугаар сараас шинээр барилга барьж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор зогсоол хүрэлцээгүй, тээвэрлэлтийн аюулгүй байдал алдагдахад хүрч, давчуу, хөл тавих зайгүй болсон аж. Тиймээс нүүхээс өөр аргагүйд хүрснийг албаныхан дурдсан. Зорчигч иргэдийн тухайд “Бодлого боловсруулагчид зөв төлөвлөж, дорвитой ажиллаж чадахгүй байна. Түр зуурын, аргацаасан ажил хийх юм. “Драгон”-д байгаа төвийг “Номин реалтор” руу нүүлгэлээ ч өөрчлөлт төдийлөн гарахгүй. Хоёр байршлын аль аль нь адилхан түгжрэл ихтэй” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байлаа. Харин зарим нь “Нүүлгэх нь зөв” гэсэн юм.
Хот хоорондын тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Ёндонжамц энэ талаар “Тус авто вокзалыг 2001 онд байгуулснаас хойш өдий хүртэл одоогийн байршилдаа үйл ажиллагаа явуулж байна. Уг вокзалыг нүүлгэхийг эсэргүүцэхгүй. Гэтэл “Номин реалтор”-ын агуулах руу нүүлгэх шийдвэр гаргасныг буруу гэж бодож байна. Тэнд зорчигч тээврийн үйлчилгээг стандартын дагуу явуулах боломжгүй. Тиймээс энэ шийдвэр нь иргэд, үйлчлүүлэгчдийг хохироох эрсдэлтэй” гэв.
“Драгон”-д очиход орон нутгийн 10 гаруй автобус зогсоолд байв. Тухайн хэсгийн авто замын бараг тал хувийг нь хааж, барилга барьж эхэлжээ. Жолооч, зорчигчдоос гадна цагдаа, галын шинжээч байв. Мөн суудлын машин, том оврын автобуснууд жагсан зогсжээ. Шинээр барьж буй барилгад кран ч суурилуулсан харагдав. Ерөөсөө орчин нөхцөл нь ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй байлаа. Авто тээврийн үндэсний төвийнхөн гадаа ажиллаж, зорчигчдыг бүртгэн, тасалбарыг нь бичиж байв. Тэд “Драгон” төвд гал гарсантай холбоотойгоор цахилгаан, интернэтгүй болсон. Тиймээс иргэдэд үйлчлэх зааланд ажиллах боломжгүй байгаа. Үүний зэрэгцээ нүүдэлдээ бэлтгээд завгүй байна. Оффисоо нүүлгэж байна. Бид орон нутгийн 54 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Энэ хавьд барилга барьснаас хойш зогсоолуудын ачаалал нэлээд нэмэгдэж, зохицуулагч нар байнга хүндрэлтэй тулгардаг. Бас сүлжээ, интернэт үе үе тасалддаг болсон” гэв.
“Драгон холдинг” компанийн гүйцэтгэх захирал Б.Октябриас нүүлгэх шийдвэрийн талаар ямар байр суурьтай байгааг нь тодруулсан юм. Тэрбээр “Зорчигч тээврийн төвийг нүүлгэхтэй холбоотой мэдээллийг бидэнд одоо болтол албан ёсоор өгөөгүй. Мөн бид холбогдох байгууллагуудад хандаж мэдээлэл хүссэн. Гэсэн ч өдий хүртэл хариу ирүүлээгүй нь Зам, тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төвийнхөн хууль бус шийдвэр гаргасан гэж хардахад хүргэж байгаа. Үүнээс гадна яагаад заавал “Номин реалтор”-ын байр луу буюу түгжрэлийн зангилаа уулзварт байрлуулах гэж байгааг ойлгохгүй юм” хэмээн ярилаа.
Зорчигч тээврийн “Драгон” төвд буюу Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын зогсоолд орон нутгаас ирсэн автобуснууд үйлчлүүлэгчдийг буулган, ачаа тээшийг нь хүлээлгэн өгч байлаа. Иргэдийн явах зам дагуух байршилд барилгын ажил үргэлжилж байв. Суудлын автомашинтай жолооч нар “Дархан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай явлаа. Ганц хоёр хүн аваад гарлаа” гэх зэргээр зарлаж байв. Тэдний олонх нь хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэд бололтой. Харин зарим нь орон нутгийн авто тээврийн компанийн харьяалалтай аж. Тэднийг компанийн нэр, лого бүхий хантааз өмссөнөөр нь ялгаж болохоор байв. Баянхонгорын чиглэлийн, “Тээвэрчин” хоршооны автобусны жолоочоос нүүлгэх шийдвэрийн талаар тодруулахад “Иргэдээ бодвол нүүсэн нь дээр. Би орон нутаг руу зорчигч тээвэрлэх ажлыг 10-аад жил хийж байна. Ийшээ орж ирэх гэж цаг гаруй түгжирдэг. Үүнээс болоод цагтаа ирсэнгүй гэж торгуулдаг. Бас бид заавал тогтсон цагт гарах хуваарьтай. Цагтаа гарах гэхээр 4-5 зорчигч байнга хоцорно. Утсаар ярихаар “Түгжирч явна, очиж байна” гэсэн шалтгаан хэлдэг. Тиймээс зогсоол сайтай, хотоос нэлээд зайтай, түгжирдэггүй байрлал руу нүүлгэх хэрэгтэй” гэв. Түүнээс гадна цөөнгүй жолооч “Ийм давчуу, замбараагүй газар байснаас нүүсэн нь дээр” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ тэд хотын төвөөс нэлээд зайдуу буюу Авто худалдааны цогцолбор орчим руу нүүлгэх нь зүйтэйг хэлж байлаа.
“Драгон”-ы ойр орчимд ачаа тээш хадгалах хүргэх үйлчилгээ эрхэлдэг 10-аад цэг бий аж. Тухайлбал, “Нар”, “Дөл”, “Тулга”, “Морин өртөө” гэх хаягтай газар тааралдсан юм. Тэдгээрийн нэгэнд нь очиж, “Та нар нүүх үү” гэж асуухад “Ачаа тээшний газрууд автобусаа дагаад нүүнэ дээ. Түрээсийн талбай олдвол очно. Эсвэл машинтайгаа очиж зогсоно доо” гэв. Эдгээр газарт ачаагаа нэг цаг хадгалуулахад 2000 төгрөг төлдөг гэнэ. Түүнчлэн тэнд иргэдийн ачаа барааг буулгаж, зөөж, унаанд нь хүргэж өгдөг үйлчилгээ ч байдаг юм билээ.
Зорчигч тээврийн төвийн нүүж очих газар нь одоогийн байршлаасаа 2-3 буудал буюу1.2 километр зайтай аж. Тэнд очиход “Номин реалтор” -ын агуулах, худалдааны нэлээд том байгууламжийн зүүн талд “Зорчигч тээврийн вus terminal” гэсэн хаяг байрлуулсан байв. Дотогш ороход хэсэг ажилчин сандал, ширээ байрлуулж, тохижуулж байв.
“Номин реалтор” компанийн түрээс хариуцсан ахлах менежерээс Зорчигч тээврийн төв хэдий хэмжээтэй талбай түрээсэлж байгаа талаар өчигдөр лавлахад “Маргааш өглөө эндээс автобуснуудаа явуулж эхэлнэ. Энд 5000 ам метр талбай бий. Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд манай объектыг судалж сонгосон. Бид 20-иод хоног засвар хийж, үйлчилгээ явуулахад бэлдлээ. Зорчигчдын хүлээлгийн танхим, угтах хэсэг, тасалбар олгох заал 1200 ам метр талбайтай” гэсэн юм.