Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ нь Баяндун, Дашбалбар сумын нутагт орших “Угтам уул” улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт биологийн төрөл зүйлийн тандалт, ажиглалт судалгаа хийх зорилгоор автомат камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тус аймгийн ИТХ-ын 2020 оны зургаадугаар тогтоолоор “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ байгуулагдан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна.
Халиун буга (Cervus Elaphus) нь зун шаргал, бор хүрэн, өвөл бор саарал өнгөтэй. Эрийг дайр, эмийг согоо, үр төлийг илий гэж нэрлэнэ. Ороо хөцөө 9-10 дугаар сард болно. Бугын дуудлага нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчөө тодорхойлох гэх мэт олон талын үүрэгтэй. Хээлээ тээх хугацаа 230-258 хоног. Согоо 5-7-р сард голчлон нэг илий гаргана.