Нийслэлийн өнгө төрхийг хотын төвөөр л тодорхойлоод, захын хэсгийг мартчихдагийн нэг жишээ бол автобусны буудлууд. Тухайн хэсгийн оршин суугч биш л бол автобусны буудлыг нь таньж мэдэхийн аргагүй газар хотын захаар олон. Уг нь автобусны буудлыг зориулалтын тэмдэг, хаяг бүхий самбар, саравчаар нь таних ёстой. Гэтэл Улаанбаатарын зарим хэсгийн автобусны буудлыг бөөгнөрсөн хүмүүсээр л таньдаг. Бас хуучирч муудаад, зарлалын самбар болчихсон буудал ч цөөнгүй. Эрс тэс уур амьсгалтай манайд автобус удаан хүлээх нь хүндрэлтэй байдаг. Хөгжингүй орнуудад гадаад орчны температуртай уялдуулж автобусны буудалдаа саравч, бүхээг, сэнс зэргийг суурилуулдаг. Харин Улаанбаатарын иргэд өвлийн хүйтэн, зуны халуунд ч ганцхан самбар бараадан гүрийж зогсдог гэхэд хэтийдсэн болохгүй. Ядаж л өвөл сандал нь халдаг бол иргэдийн эрүүл мэндэд тустай. Гэтэл манай зарим буудалд халдаг бүү хэл, энгийн сандал ч алга.
2014 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 350 цэгт Парис, Лондон, Сингапур, Хонконг зэрэг дэлхийн томоохон хотын жишгээр тохижуулсан автобусны буудал барина хэмээн амлаж байв. Ингэхдээ байгальд ээлтэй, цахилгаан бага зарцуулдаг, дэвшилтэт лед гэрэлтүүлэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй, үнэгүй интернэт суурилуулсан, автобусны чиглэл, ойр орчмын гудамжны мэдээлэл болон сурталчилгааны самбартай байхаар төлөвлөсөн хэмээж байлаа. Түүнээс хойш хотын төвийн автобусны буудлуудыг шинэчилсэн ч дээр дурдсан шиг ухаалаг болгож чадаагүй юм. Ухаалаг автобусны буудал гэсэн нь өдий хүртэл нэр төдий л байна. Уг нь Налайх дүүргийн VII хороонд 2020 онд ухаалаг автобусны буудал барьсан. Тус буудалд ойролцоогоор 10 хүн багтах боломжтой. Мөн халуун, хүйтнээр үлээх агааржуулагч, 6-7 хүн зэрэгцээд суух боломжтой модон сандал тавьжээ. Түүнчлэн автобусны чиглэл, хэдэн минутын дараа ирэхийг харуулдаг дэлгэц болон 24 цагийн ажиллагаатай камер байршуулсан. Үүнээс өөр ухаалаг автобусны буудал Улаанбаатарт байхгүй. Ухаалаг автобусны буудлыг иж бүрэн дэвшилтэт технологоор хангахад төсөв мөнгө ихээхэн шаардана. Одоогийн шилэн саравчтай автобусны буудлуудыг нийт 15 тэрбум төгрөгийн өртгөөр барьжээ. Харин Налайх дүүрэгт барьсан жишиг автобусны буудлын өртөг 20 тэрбум. Олон улсад ухаалаг автобусны буудал барих төсөв хамгийн багадаа 3.8 тэрбум байдаг аж. Үүнд бүхээг болон мэдээллийн самбар, сандал багтдаг байна. Налайхын буудал өртөг өндөр ч эдэлгээ богино байв. Хүмүүсийн ухамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас үүдэн энэ буудал одоо бараг “байхгүй” гэхэд болно.
2022 оны байдлаар нийслэлд 1169 автобусны буудал бий гэсэн судалгаа гарчээ. Түүний 640 орчмыг стандартад нийцүүлж, зайлшгүй шинэчлэх шаардлагатайг хотын дарга Д.Сумъяабазар мэдээлж байсан юм. Эдгээр буудлыг шинэчлэхдээ олон улсын стандартын дагуу ухаалгаар шийдчихвэл бүтээмжтэй хөрөнгө оруулалт байх болов уу. Ухаалаг автобусны буудал нь дулаанаас гадна аялал жуулчлал, хүн хоорондын харилцаа, хотын өнгө төрхөд эергээр нөлөөлөх боломжтойг олон орны жишээнээс харж болохоор байна. Тухайлбал, Швейцарын Цюрих хотод автобусны буудлын самбарт явах чиглэлээс гадна ойр орчмынх нь газрын зургийг оруулсан аж. Ингэснээр жуулчид болон оршин суугчид зорьсон газраа олоход хялбар болдог байна.
Түүнчлэн ихэнх оронд буудлын сандлыг модоор хийхийг илүүд үздэг гэнэ. Цас, борооны ус тогтож мөстөхгүй, суухад хайрахгүй, хүйтэн, дулааны аль ч нөхцөлд тохируулан дулаан дамжуулдаг зэргийг бодолцож модон сандлыг сонгодог гэнэ. Мөн буудлын бүхээг нь гадагшаа нэвт харагддаг тунгалаг байх, цас, бороо, салхи, шороог хаахаас гадна элдэв гэмт халдлагаас хамгаалсан зохион байгуулалттай байх ёстой. Эдгээр нийтлэг шаардлагаас гадна өлгүүр, унадаг дугуйны зогсоол, цахилгаан ашиглаж болох залгуур, бэлэн мөнгөний машин зэргийг нэмэлтээр суурилуулдаг аж. Жишээ нь, Сөүл хотод автобусны буудлууд хүйтэн болон халуунаар үлээх агааржуулагч, гар утасны цэнэглэгч, wifi-тай. Мөн тухайн буудалд ямар чиглэлийн автобус ирж буйг харуулж, дараагийн автобус ирэх цаг, минутыг нь тодорхой заадаг дэлгэц, хөдөлгөөн мэдэрч автоматаар онгойдог хаалгатай гэнэ. Сингапурын автобусны буудал нь интернэттэй, гар утас цэнэглэх цэгээс гадна мэдээлэл бүхий интерактив ухаалаг самбар, цахим ном, аялал төлөвлөгч, ногоон байгууламж бүхий дээвэр, нарны зайн хавтан, дугуйн зогсоол, ном солилцох булан, бүр савлууртай аж. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаас гадна иргэд автобус хүлээх хугацаандаа цагийг үр дүнтэй ашиглахад туслах зорилготой гэнэ.
Тэгвэл манайд ухаалаг автобусны буудлыг зөвхөн хотын төвд бус, захын болон алслагдсан дүүрэгт хүртээмжтэй байлгах шаардлагатай байна. Бүхий л зүйл нь дижитал байх шаардлагагүй ч дулаан бүхээг, модон сандал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дохиолол, мэдээлэл бүхий самбартай байх нь олон улсын стандарт юм.
Бэлтгэсэн: Б.Үүрцайх