Хичээлийн шинэ жил ойртох үед нийслэлийг зорих хөдөлгөөн нэмэгддэг. Үүнийг далимдуулан гар утасны үнэ байтугай өсдөг манай улсад орон сууц түрээсийн үйлчилгээний эрэлт ихсэж, бас багагүй маргаан дагуулдаг аж. Монголд төдийгүй дэлхий нийтэд орон сууц худалдан авахаас илүүтэйгээр түрээслэх тохиолдол ихэссэн. Гэтэл ийм харилцааг нарийвчлан зохицуулах хууль, эрх зүйн орчин манай улсад бүрдээгүй, албан бус байгаа нь нууц биш. Тухайлбал, түрээслүүлэгч иргэн өмчөө дурын үнээр үнэлэх, гэрээний нөхцөлийг хүссэн үедээ өөрчлөх, талууд аман хэлбэрээр харилцан тохиролцох зэрэг нь цаашид үүсэхүйц маргааны шалтгаан болдог байна.
Шинэхэн гэр бүл, орон сууцгүй иргэд түрээсийн байранд амьдрах нь элбэг. Түүнчлэн орчин үеийн амьдралын хэв маягийг эрхэмлэгчид зайлшгүй байртай болохыг зорилгүй, түрээсийн уян хатан нөхцөлөөр амьдрахыг хүсэх нь ч бий. Зарын сайтуудад байршил, тавилгатай, эсэхээс хамааран байр түрээслэх үнэ өөр өөр байна. Түрээсийн байрууд ихэвчлэн Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт байрлах бөгөөд хоёр, гурван өрөө байр түрээслүүлэх зарууд голчлох аж. Хоёр өрөө байрны түрээсийн төлбөр 650 мянгаас 2.5 сая хүртэл, гурван өрөө нь1.5-4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж буй юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өнгөрөгч онд Монгол Улсад нийт 941 мянга гаруй өрх бүртгэгдсэн. Үүнээс 637 мянга гаруй айл нийслэлд амьдарч байгаа нь нийт өрхийн 67.6 хувь гэсэн үг. Байр түрээслэгч нэгэн иргэн “100 хувь төлбөрөө төлж, орон сууц худалдан авдаг иргэн ховор. Ядаж л зээлээр авъя гэвэл урьдчилгаа төлбөр шаардлагатай. Ихэнх гэр бүл төлбөрөө бүтэн төлөх байтугай урьдчилгааны мөнгөгүй байдаг нь үнэн. Тиймээс түрээсийн байранд амьдрах нь түгээмэл байдаг болов уу. Гэтэл энэ нь хөрсөндөө буугаагүй үнэтэй. Бас төлбөрөө заавал зургаан сар, эсвэл нэг жилээр тооцож авна гэдэг. Хүн амьдрахын аргагүй хуучирсан байрууд ч бий. Миний хувьд сар бүр нэг сая төгрөг түрээсэнд төлдөг. Хэрэв урьдчилгаа төлбөр нь байгаад ипотекийн зээл гаргуулж чадсан бол энэ мөнгөө өөрсдийн байрны зээлдээ төлнө шүү дээ гэж боддог юм” гэв.
Байрны түрээсийн үнэ, стандарт тогтоох тухай, энэ төрлийн харилцаанд хэрхэн оролцох талаар хуульчаас тодрууллаа. Тэрбээр “Ийм төрлийн маргаан их байдаг. Түрээсийн харилцаанд орж байгаа хоёр тал гэрээний гол болон туслах нөхцөлүүдийг тохирох ёстой. Гол нөхцөл гэдэгт гэрээний хугацаа, үнэ, гэрээг гүйцэтгэх газар, түүний дагуу гүйцэтгэх үүрэг багтана. Туслах нөхцөлд бусад нэмэлт зүйл байх юм. Гэвч бодит амьдралд иргэд ихэнхдээ гэрээний гол нөхцөл буюу хугацаа, үнэ зэргээ тохироод л болчихдог. Гэрээг гүйцэтгэх газар болон гэрээний үүргээ нарийн гаргадаггүй. Уг нь энэ мэт нарийн анхаарах зүйл бий. Харамсалтай нь иргэд интернэтэд бэлэн байгаа гэрээний файлыг ашиглачихдаг. Мэдээж тэрхүү загварт үүрэг, үйлдлийг нарийн тусгаагүй нь ойлгомжтой. Түүнчлэн нотариатаар баталгаажуулсан гэдэг нь бүрэн төгс, хуулийн ямар ч асуудалгүй гэрээ гэсэн үг биш. Нотариат бол талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийснийг л нотолдог. Түүнээс биш гэрээг нь хийгээд, хуулийн зөвлөгөө өгдөг субъект биш. Хууль бус гэрээ гэж үзсэн тохиолдолд Нотариатын тухай хуульд заасны дагуу гэрээг нотлохоос татгалзах эрх бий. Нотариат бол яг л хуримын гэрч шиг. Гэрчлэх л үүрэгтэй. Харин эхнэр, нөхрийн үүргийг заах тал биш гэсэн үг юм. Түрээслүүлэгч түрээсийн орлогоосоо зайлшгүй татвар төлөх ёстой. Тогтсон стандартгүйгээр дур мэдэн үнэ тогтоодог гэлээ шүү дээ. Бидний амьдарч буй нийгэм чөлөөт эдийн засгийн зарчимтай учир хувь хүн өмчөө хэрхэн үнэлэхийг нь төрөөс зохицуулах боломжгүй. Энэ талын маргааныг Иргэний хуулиар зохицуулдаг ч тусгайлан боловсруулсан хууль хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.
Тэгвэл энэ хүү харилцааг гадаадад хэрхэн зохицуулдаг талаар Канад, БНСУ-ын жишээг сонирхуулъя. Өмнөд Солонгост түрээслэх, түрээслүүлэх харилцааг үл хөдлөх хөрөнгийн байгууллагаар дамжуулан, гурван талт гэрээ хийж зохицуулдаг гэнэ. Байраа түрээслүүлмээр байвал заавал үл хөдлөх хөрөнгийн байгууллагаар дамжих хуультай аж. Түүнчлэн “Dabang”, “Zigbang”, “Peter Pan” зэрэг түрээсийн орон сууц хайхад туслах нэгдсэн аппликэйшн, вэб сайттай. Эдгээр нь ашиглахад хялбар гэнэ.
Канадад байр түрээслэх үйлчилгээг хувь хүнээр дамжуулан авах боломжтой. Харин үл хөдлөх хөрөнгө худалдахад түрээсийн агентаар дамжих ёстой байдаг аж. Түүнчлэн дэлхийн 220 гаруй улсыг хамарсан орон сууц, онлайн худалдааны “Airbnb” компаниар дамжуулан үйлчилгээ авах нь элбэг гэжээ. Манай улсын хувьд хоёр жилийн өмнөөс “Rentpay” хэмээх түрээсийн менежментийн байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тус компанийнхан түрээслэгч, түрээслүүлэгчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, талуудын бүхий л харилцааг хариуцан ажилладаг байна. Жишээ нь, түрээслүүлэгчийн өмнөөс байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, урсгал засвар, СӨХ-ны төлбөртэй холбоотой үйл ажиллагааг хариуцдаг. Мөн түрээслэгчийн өмнөөс байр эзэмшигчид эхний зургаан сарын төлбөрийг төлдөг гэнэ. Түрээслэгч иргэн тус компанид сар сараар төлбөрөө хийх боломжтой. Тэд түрээсийн харилцаанд хэн ч хохирохгүй байх нөхцөл бүрдүүлэхийг зорьдог аж.
Манай улсад одоогоор зөвхөн тус компаниар дамжуулан түрээсийн харилцааг албан ёсоор зохицуулж байна. Харин төрийн зүгээс энэ талын харилцааны хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил дутагдаж буй.
Бэлтгэсэн: Д.Хүслэн