Барилгын өртгийн ерөнхий индекс энэ оны хоёрдугаар улиралд 248.9 болж, эл өртөг 2022 оны мөн үеийнхээс 21.5, өнгөрсөн жилийн эцсээс 4.8, өмнөх улирлаасаа 1.4 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдээллээ. Уг индекс нь барилга байгууламжийг барихад зарцуулж буй материал, машин механизм, цалингийн үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг билээ. Тэгвэл орон сууцын барилгын өртгийн индекс хоёрдугаар улиралд 305.1 болсон аж. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 26.7, мөн оны эцсээс 8.9, өмнөх улирлаасаа 2.8 хувиар дээшилсэн үзүүлэлт гэнэ. Орон сууцын барилгын өртөг өмнөх улирлынхаасаа 2.8 хувиар өсөхөд материалын өртөг 0.9, машин механизмын түрээсийн зардал 2.1, цалингийнх зургаан хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Бэлтгэсэн: Б.Сонор