Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, хоригдлуудын хоол хүнсний хангамж, чанарыг сайжруулах талаар ярилцжээ. Тус байгууллагынхан “Хүнсний хөтөлбөр” боловсруулахаар ажиллаж буй талаараа салбарын сайдад мэдээлэл өгсөн байна. Хоригдож байгаа иргэд ч мөн суурь эрхтэй учраас эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хоол хүнсээр хангуулах учиртай. Гэтэл эдүгээ хорих ангиуд байнга дотор махаар хоол, хүнсээ хийдэг гэсэн мэдээлэл бий. Х.Нямбаатар сайд энэ талаар “Ийм байдлыг өөрчлөхийн тулд уг хөтөлбөрийг боловсруулж байгаа юм” гэсэн тайлбар өгчээ.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд хоригдлуудыг эрүүл, аюулгүй, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүнээр хангах, улмаар хоолны илчлэг, стандарт нормыг шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Мөн цаашид мал аж ахуй, газар тариалан, төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, зориулалтын хүнсний агуулах, зоорь барихаар төлөвлөж буй юм байна.