- 2023 оны наймдугаар сарын 5-ны19.30 цаг. Аадар бороо орсны улмаас Цагаан даваа, Дарь-Эх, Дамбадаржаа орчмыг хүчтэй үер дайрав. Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр тухайн хэсэгт 20 орчим минутын хугацаанд аадар бороо орсноор уулын буюу уруйн үер буусан гэнэ.
- 21.00 цаг. Үерийн улмаас Сүхбаатар дүүргээс хоёр, Баянзүрхээс долоон дуудлага холбогдох албаныханд иржээ. Дуудлагуудын дийлэнх нь үерт автомашин урссан, гэр нурсан, усанд боогдсон гэх мэдээлэл байжээ.
- 21.30 цаг. Нийслэлийн хэмжээнд айлын хашаа, байшин, гэр, машин үерт автсан дуудлагын тоо 38 болж нэмэгдлээ. Үер Баянзүрх дүүргийн найм, Сүхбаатарын хоёр хорооны нутаг дэвсгэрийг хамарсан байна.
- 21.50 цаг. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт гэр усанд автаж, дотор нь байсан гурван хүн цахилгаанд цохиулснаас хоёр нь нас барсныг онцгой байдлын байгууллагынхан мэдээлэв. Эндсэн иргэд 32, 61 настай бөгөөд Хэнтий аймгаас нийслэлд түр ирээд байжээ.
- 22.30 цаг. Нийслэлийн Онцгой комиссын өгсөн мэдээллээр 97 айл, 105 автомашин үерт автсан гэв.
- 2023 оны наймдугаар сарын 6-ны 00.10 цаг. Дарь-Эх орчмын авто замыг хааж, үерээр урсаж орж ирсэн лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэж эхэллээ.
- 00.20 цаг. Үерт өртсөн 97 айлыг нүүлгэн шилжүүлэхээр 127 дугаар сургуульд түр хоргодох байр гарган, 100 ор дэлгэв. Улмаар айлуудыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
- 01.00 цаг. Онцгой байдлын байгууллагын 100 гаруй алба хаагч үерт өртсөн айлуудаар явж, иргэдийг бүртгэж байлаа. Мөн эрүүл мэндийн байгууллагынхан газар дээр нь ажиллаж, иргэдэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж эхлэв.
- 01.30 цаг. 10 сартай хүүхэд үерт урсаж сураггүй болсны улмаас цагдаагийн байгууллагынхан эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байлаа. Хүүхэд эцэг, эхийн хамт автомашинд байхдаа үерт урсаж, улмаар сураггүй болсон гэнэ.
- 04.00 цаг. Сураггүй болсон хүүхдийн цогцсыг үерт урссан автомашинаас нь нэг км-ийн зайтай газраас олсон тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Мөн 25 орчим настай, нэр, хаяг нь тодорхойгүй нэг хүн үерт өртөж эндсэнийг тогтоожээ.
- 07.00 цаг. Үерт өртсөн газрууд дахь 6870 хэрэглэгчийн цахилгааныг хязгаарласнаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас мэдээлэв. Тус компанийнхан цахилгааны тоног төхөөрөмж, агаарын шугамуудын бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж байлаа. Уг шалгалтаар нэг тулгуурын тулаас бэхэлгээ унасныг илрүүлж засварласан, өөр гэмтэл гараагүй хэмээн мэдэгдэв.
- 07.45 цаг. Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр үерт өртсөн айлын тоо 246 болж нэмэгдлээ. Үүнээс гадна 12 аж ахуйн нэгж, 105 автомашин өртсөн гэв. Онцгой байдлын байгууллагуудын 520 алба хаагч 138 техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь ажиллаж байлаа.
- 11.00 цаг. Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж эхэлжээ.
- 13.00 цаг. Үерийн хор уршгийг арилгах, авто зам, гарцыг чөлөөлөх, урссан тээврийн хэрэгслүүдийг татан гаргах ажиллагаанд онцгой байдал, цагдаа, нийслэл, дүүргүүдийн гамшгаас хамгаалах албаны нийт 1019, зэвсэгт хүчний анги, байгууллагуудаас 250 алба хаагч оролцож байгааг Улсын онцгой комиссоос мэдэгдэв.
- 20.00 цаг. Үерт өртсөн айлын тоо 282 болж нэмэгджээ. Тэдгээрт 500 орчим иргэн байжээ.
Сэлбэ, Дунд гол үерлэж, тэдгээрийн эрэг дагуух орон сууцын хорооллууд усанд автсан нь өнгөрсөн долдугаар сарын 5 байв. Үүнээс яг сарын дараа буюу энэ сарын 5-нд нийслэл дахиад томоохон хэмжээний үерт өртлөө. Өмнө нь голчлон орон сууцын хорооллууд усанд авсан бол энэ удаагийн хохирогчид нь Дарь-Эх, Дамбадаржаа, Цагаан даваа орчмын гэр хорооллынхон байлаа. Хотын удирдлагууд өнгөрсөн удаагийн үерээс сургамж ер авсангүй, яг өмнөх шигээ “гар хоосон” байсны гайгаар дөрвөн хүн амь үрэгдэв.
“Үерээс сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн хугацаанд хотын удирдлага ер хэрэгжүүлсэнгүй. Элс шуудайлж тавихаас өөр туршлага хуримтлуулсангүй” гэж мэргэжлийн хүмүүс цахим орчинд байр сууриа илэрхийлсэн нь нүдээ олсон шүүмжлэл байв. Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд үе үе хуралдаж, бурууг бусдаас хайж, “Байгалийн давагдашгүй хүчин зүйл” гэж байн байн ярьж, байдал эвгүйтвэл энд тэнд шуудайтай элс тавихаас өөр зүйл хийсэнгүй. Харамсалтай нь, энэ удаагийн үерийн дараа ч яг тэр жишгээрээ “ажиллаж” эхлэв. Мэргэжлийн түвшний шийдэл, цаашдын гарц гаргалгаа гэхээр зүйл эрх баригчдын шийдвэрүүдээс огт харагдахгүй байна.
Уламжлал ёсоор өчигдөр УОК хуралдлаа. Шийдсэн ч зүйлгүй, дэмий шахам зүйл ярилаа, Шадар сайд С.Амарсайхан “Үерт өртсөн иргэдийн хохирлын үнэлгээ хийж байна. Өнгөрсөн сард болсон үерийн хохирлын үнэлгээ эхнээсээ нэгтгэгдэж байгаа” хэмээн хурлын дараах хэвлэлийн бага хурлын үеэр улигт зүйлээ давтав. Мөн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “УОК хуралдлаа. Үерээс учирсан хохирлыг арилгах ажлыг шуурхай зохион байгуулах, уулын амуудад байршилтай, үерт өртөх эрсдэлтэй хэсэгт байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийн судалгааг дүүрэг бүр гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулна” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.
Үндсэндээ дарга нар өмнөх үерээс сургамж аваагүй, дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ ч хэрэгжүүлээгүй, цаашлаад өмнөх хохирлыг ч тогтоож чадаагүй. Хийсэн гэх ажил нь ердөө л буруутныг хайж, өөрсдийгөө хамгаалах пиар бололтой. Тэгвэл энэ удаагийн буруутан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн дурдсанаар иргэд л болж таарах нь. Өөрөөр хэлбэл, айлууд үерийн эрсдэлтэй газарт буусан нь буруу гэх “өнцөг”-ийг эрх баригчид гаргаж ирэхээр зэхсэн бололтой. Бас тэдэнд хэн газар олгов гэх мэт асуудлыг ойрын хугацаанд ярьж, унасан нэр хүндээ өргөх пиар хийх шинж тодроод ирэв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ бас “Туул голын ай савд зөвшөөрөлгүй буусан 28 айлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран албадан нүүлгээд байна. Цаашдаа голын хамгаалалтын бүсэд олгосон газар олголтуудыг цуцална. Бид байгаа цаг үедээ өмнөх алдаануудыг засаж залруулж, нэг хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг бодож ажиллах ёстой” хэмээн өөрийгөө дөвийлгөхөө ч мартсангүй. Энэ бүхнээс харахад яг хэзээ гамшгийн эсрэг арга хэмжээ авч, зөв менежмент хийж сурах юм бэ гэдэгт эргэлзээ төрж байна.
Энэ удаагийн үер 1982 оныхоос хоёр дахин хүчтэй байсан гэж мэргэжлийн байгууллагынхан нь “оношилжээ”. Тухайлбал, усны өндрийн түвшин нь 1.6 метрт хүрсэн гэнэ. Мөн 150 метр газарт хоёр метрийн өндөр шороон овоолго үүссэн аж. Уг нь үер буусан газарт ус зайлуулах хоолой бий ч тэнд нь барилгын хог дүүрсэн тул ус чөлөөтэй урсаж, Сэлбэ голтой нийлж чадаагүйгээс олон айл үерт автсан гэж Геодез, усны барилга байгууламжийн газраас мэдээлсэн нь гайхшируулав. Ус зайлуулах хоолойн хогийг яагаад цэвэрлээгүй вэ. Өнгөрсөн удаагийн үерийн дараа эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх талаар ярьж байснаа нийслэлийн удирдлагууд мартлаа гэж үү. Бас ус зайлуулах шугам хоолойнууд нь нүд хуурсан шинжтэй, ямар ч эрсдэлийг даван туулж чадахааргүй байгааг олон нийт шүүмжлэх болсон. Ийм нөхцөлд дахиад ч үер бууж болзошгүйг цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа. Тэгэхээр буруутныг хайхаа зогсоогоод, бодит арга хэмжээ, алхмуудаа хийж эхэлбэл яасан юм бэ, дарга нар аа.
“Холбогдох албаныхан зөвхөн зам цэвэрлээд, бидэнд тусламж үзүүлээгүй”
Өчигдөр 11.00 цагийн үед Дарь-Эхийг зорилоо. Уг нь Дарь-Эхийн шинэ эцэс хүртэл явах байсан ч замын хөдөлгөөн бараг тэг зогсжээ. Замын дунд хэсэг хүлээгээд аргагүйн эрхэд алхахад хүрэв. Үерийн дараа үүссэн хог хаягдал, лаг шаврыг цэвэрлэх, автомашинуудыг ачих ажил үргэлжилж буй тул замын зарим хэсгийг хаасан байлаа. Тиймээс нарийн гудамжинд галт тэрэг мэт үргэлжилсэн машинуудын урт цуваа үүсжээ. Холбогдох албаны цагаан, цоохор, хөх хувцастай хүмүүс энд тэндгүй харагдлаа. Аль нэг хашааны эзэн бололтой нэгэн иргэн гэрийн шаахайныхаа гадуур гялгар уут өмсчихсөн, том хувингаар шавар зөөж байв. Цагаан хоолойгоор хүмүүст зааварчилгаа өгч байсан нэгэн албан хаагч үерт өртсөн иргэдийг 127 дугаар сургууль руу нүүлгэн шилжүүлсэн болон тэнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб байрласан талаар мэдээлсэн юм. Үүний дагуу тус сургуулийг зорилоо. Авто зам дагуух газруудад хаа сайгүй шавар, нурсан хашаа, эвдэрсэн машин, унасан гэр, хөглөрсөн хог харагдана. Хаалга, цонх нь ялгагдахааргүй болтлоо эвдэрсэн машин ч байв. Үерт өртсөн машинуудыг эздэд нь хүлээлгэж өгөхөөр ачиж байгаа гэнэ. Бараг л балгас болсон Дарь-Эхийн хуучин эцсийн нэгдүгээр гудамжаар хоёр км алхахад зүгээр суусан хүн тэнд харагдсангүй. Бүгд л гамшгаас үүссэн бохирдол, шавар шавхайг цэвэрлэж байв. Ууртай, гунигтай царайтай хүмүүс л голчлон харагдсан юм.
Онцгой комиссын штаб байрласан 127 дугаар сургуульд ирэв. Үерт өртөж орон гэргүй болсон хүмүүст анхан шатны тусламж, үйлчилгээг тэнд үзүүлж байлаа. Нөхцөл байдлын талаар мэдээлэл авах гэж таарсан хүн болгоноос асуусан ч “Би энэ тухай сайн мэдэхгүй” хэмээн цааргалсан иргэн олон байв. Энэ үед гар, хөл, гутал хувцас нь бүхэлдээ шавар шавхай болсон 30 гаруй насны залуу бухимдсан байдалтай орж ирлээ. Тэрбээр үерийн хохирогчдын нэг аж. “Цагдаагийн байгууллага, онцгой байдлын алба хаагчид энэ үйл ажиллагаанд оролцохгүй байна. Холбогдох албаныхан зөвхөн зам цэвэрлээд, бидэнд тусламж үзүүлээгүй. Бид өөрсдөө ойр дотнын хамаатан садан, найз нөхдөө дуудаж, хашаа, байшингаа цэвэрлэж байна. Хөрсний бохирдол, лаг шавартай энэ үед эрүүл мэндийн байгууллагаас өвчин, халдвараас сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлэг иргэдэд өгөөгүй. Төрийн албаны, цэвэрхэн хувцастай хүмүүс зүгээр суухаас өөр хийх зүйлгүй байна” хэмээн хоолой зангируулан хэлэв. Энэ зуурт нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Мөнхбат ирснээр бид дотогш оров. Тэрбээр нөхцөл байдлын талаар “Орон гэргүй болсон иргэдийг Онцгой комиссын Шуурхай штабт бүртгэж байгаа. Тэдгээр айлд гэр олгохоор ярьж байна. Дүүргийн холбогдох албаныхан үерийн аюултай бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна” гэсэн юм.
Буцах үед зам, талбайн цэвэрлэгээний ажил дуусаж байсан ч айлуудын хашаа бохир хэвээр үлджээ. Тааралдсан иргэд “Үерийн даланг шороо асгаж нарийсган, хашаа хатгаснаар ийм байдалд хүргэлээ” хэмээн ярьж байв. Хот төлөвлөлтийн буруугаас үүдэн иргэд ийнхүү эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирч буйг хоорондоо ярилцан санаашрах хүн олон таарлаа. 13.00 цагийн үед Дарь-Эхийн шинэ эцсийн буудалд ирэхэд өнөөх урт цуваа улам л сунжран үргэлжилсэн байв.
Өчигдөр 18.00 цагийн үед Шуурхай штабын даргатай утсаар холбогдоход 127 дугаар сургуульд түр байрласан хүн байхгүй гэв. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үерт өртсөн иргэдэд түр хоргодох байр бэлдсэн тухай мэдээллийг хүргэснээ хэллээ.
Бэлтгэсэн: М.Оч