Баянзүрх дүүргийн 44 дүгээр хорооны, Сэлбэ голын зүүн талд байрлах орон сууцын бохирын хоолойд өөр нэг барилгын шугамыг холбох гэж байгааг иргэд эсэргүүцэв. Тодруулбал, тухайн байрны эсрэг талын буюу Сүхбаатар дүүргийн нутагт барьж буй 216 айлын орон сууцын бохирын шугамыг холбох гэж байжээ. Уг ажлыг гүйцэтгэгч компанийнхан 2022 оны зургадугаар сарын 30-нд Ус сувгийн удирдах газрын мэргэжлийн хэмжилтээр баталсан ажлын зургийн дагуу, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буйгаа илэрхийлсэн байна. Харин иргэд тус хоолой нь үерт өртөж ачааллаа дийлэхгүй, бохирын худаг дүүрч асгарсан гэх шалтгаанаар эл ажлыг эсэргүүцсэн аж. Тиймээс оршин суугчид тухайн газарт дахин шалгалт хийх шаардлагыг холбогдох байгууллагын удирдлагуудад хүргүүлжээ.
Бэлтгэсэн: Б.Үүрцайх