-Гэнэтийн ослын үед хэрэгчлэгчдийн тог, дулааныг хязгаарлахаас өөр гарц үлдээгүй-
Үргэлж алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний салбарт шинэчлэл хийхгүй бол Улаанбаатар хөлдүү хот болоход ойрхон байна. Ямар ч нөөцгүйгээр бүх хүчээ шавхан ажиллаж, өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах асуудал шийдлээ олоогүй ээ. Нэг жишээ татахад, ДЦС-4 өнгөрсөн өвөл ямар ч бэлтгэл нөөц тоноглолгүйгээр 81 хоног ажилласан байгаа юм. Мөн тоног төхөөрөмжийн насжилт өндөр, энэ хэрээрээ эрсдэл дагуулсаар байгаа ч аргацааж иржээ.
Эрчим хүчний хэрэглээний 78 хувийг дотоодын эх үүсвэрээс, 20 гаруй хувийг ОХУ-аас импортоор хангаж байна. Өвлийн их ачааллын үед дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ямар ч нөөцгүйгээр нүүр тулдаг жишиг тогтчихсон. Өөрөөр хэлбэл, дээрх станцууд эцсийн хүчээ шавхан ажилласаар байвал гэнэтийн ослын үед хэрэглэгчдийг хязгаарлах, техникийн арга хэмжээ авах нөхцөл үүснэ. Энэ нь дулаан, цахилгааны станцуудад гэнэтийн осол гарвал хэрэгчлэгчдийн тог, дулаан, ус зэргийг хязгаарлахаас өөр сонголтгүй гэсэн үг. Ялангуяа, хүн амын тал гаруй хувь нь суурьшиж байгаа нийслэл Улаанбаатар хотод дээрх асуудал толгойны өвчин болсон.
Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамж 2022-2023 оны өвлийн улиралд дулааны хэрэглээ эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлаас 1085.3 ккал цаг буюу 46 хувиар хэтэрсэн ачаалалтай ажиллажээ. Дээрх байдал 2023-2024 оны өвлийн улиралд ч үргэлжилнэ.
Долдугаар сарын 22-нд нийслэл хотод хэсэгчлэн цахилгаан хязгаарлахад хот даяараа харанхуйд автахад хүрсэн. Энэ нь “Тосонцэнгэл УЦС" ХХК-аас "ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, гэмтэл гарснаас шалтгаалж цахилгаан эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсонтой холбоотой юм. Тиймээс албан газар, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ бэлдэн, бэлэн байдлаа ханган ажиллахыг ч анхааруулж байлаа. Тухайн үед “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас "Урьдчилсан мэдээлэл өгөлгүйгээр гэнэт ОХУ-аас хязгаарлалт хийсэн. Улаанбаатар хот бүхэлдээ тог цахилгаангүй болоогүй. Цахилгаангүй болсон газруудыг яаралтай буцаан залгаж байна" гэх мэдэгдлийг хийж байсан юм.
Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хэрэглээнийхээ 20 гаруй хувийг импортолдог ОХУ-д цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарахад Нийслэлчүүдэд дээрх байдлаар нөлөөлж байна. Тиймээс өнөөдөр бид дулаан, цахилгааны баталгаагүй нөхцөлд амьдарч байгаа нь бодит үнэн.
Тэгвэл орон нутагт нөхцөл байдал ямар байгаа талаар ганцхан жишээ татахад, “Баруун бүсийн эрчим хүчний систем” гэхэд л цахилгаан эрчим хүчний үнэ тариф нь өртгөөсөө 147.7 төг/кВт.ц-аар доогуур байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-аас импортоор авч буй валютын ханшны алдагдал нэмэгдэж, 5.1 тэрбум төгрөгийн импортийн эрчим хүчний өглөгтэй, 1.9 тэрбум төгрөгийн татварын өглөгтэй ажиллаж, санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ. Цаашлаад, эрчим хүчний салбарын өр төлбөр 1 их наяд 80 тэрбумд хүрсэн. Жилдээ зээлийн хүүнд 60 гаруй тэрбум төгрөгийг төлж байна. Тиймээс өрөнд дарагдаж, өтөнд баригдсан эрчим хүчний салбарын бодит байдал нийслэлд ч орон нутагт ч ийм байна.
Эрчим хүчний салбарын 99 хувь нь төрийн өмчийн мэдэлд байдаг. Тиймээс төрийн өмч давамгайлсан тогтолцоотой салбарт яалт ч үгүй шинэчлэл, реформ хэрэгтэй байна. Гэтэл эрчим хүчний салбар 2023, 2024 оны өвлийг хэмнэлтээр давж, салбарын бүх байгууллага шаардлагагүй зардлыг тэвчиж, хэмнэлтийн горимд ажиллах үүрэг хүлээх жишээний. Нэг хэсгийн хэрэглээг хэмнэж, нөгөөд ашиглуулах урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн арга хэмжээ үргэлжилсээр...
Өвлийн ид ачааллын үед нэг хэмээр хүйтрэхэд дулаан эрчим хүч 10 Мвт-аар нэмэгдэх шаардлага үүсдэг байна. Төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2021 онд 1387Мвт, 2022 онд 1400 гаруй Мвт-д хүрсэн. Гэтэл эрчим хүчний салбарын боломжит чадал 1426 Мвт. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өвөл боломжит ачааллаас давуулж ажилласан. Цаашид энэ байдал үргэлжилбэл, аваарын байдалд зогсолт хийж, хэрэглээ тулж хязгаарлахаас өөр сонголтгүй болсныг анхааруулаад байгаа юм.
Эрчим хүчний яамны мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар дулааны 9 цахилгаан станц, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Алтай, Улиастайн дизель станцууд болон бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байна. ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авч 220 кВ, 110 кВ-ын дэд станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээгээр дамжуулан Монгол Улсын 330 гаруй сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангадаг. Түүнчлэн Ухаахудагийн цахилгаан станц, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн цахилгаан станцууд өөрийн уурхай болон үйлдвэрлэлийн хэрэглээгээ, харин Оюутолгой ордын эрчим хүчний хэрэглээг тэжээлийн нөөц дизель цахилгаан станцаар ханган ажилладаг байна. Дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр авч үэвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, сапхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизель станцуудаас үйлдвэрлэсэн байна. Гэвч дээрх эх үүсвэр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг цаашид бүрэн хангах боломжгүй болсон. Эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дунд хугацааны төсөөллөөс харахад 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүнд жилүүд тохиосон гэж тэмдэглэжээ. Энэ хүнд жилүүд цаашид ч үргэлжилнэ.