-Банкны салбарт хөрөнгө оруулалт хийх таван гарцыг нээлээ-
Олон улсад санхүүгийн зуучлал хоёр тулгууртай байдаг ч Монголд зөвхөн банкны секторын нуруун дээр явж ирсэн. Тиймээс тус салбарын актив Монголын эдийн засгаас давсан гэж харж болохоор. Бусад орноос ч илүү банкны салбараараа түүчээлж байгаа манай улсад бодлогын хүү харин 13 хувиар илэрхийлэгддэг. Өөрөөр хэлбэл, банкны өндөр хүүгээрээ ч толгой цохидог. Тиймдээ ч банкнаас өөр санхүүжилт хийхээр бүтэц улсын хэмжээнд байхгүй гэдгээрээ аархаж, өндөр хүүг тулгадаг сул талтай. Гэвч энэхүү бүтэц нь томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжгүй, жижиг, дунд зээл рүү чиглэсэн санхүүжилт гэлтэй. Иргэд, бизнес эрхлэгчдийн нөхцөл ч дээрх хэмжээнд байсан. Тодруулбал, дотоодын аж ахуйн нэгжүүдийн бизнес, иргэдийн орлогын түвшин томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэмжээнд хүрээгүй нь бодит байдал.
Нийт 14 тэрбум ам.доллар эргэлддэг Монголын эдийн засгийн хэмжээ дэлхийн дундаж гэгдэх компаниас ч дор, томоохон хотуудын нэг дүүргээс ч жижиг зах зээлтэй. Дээр нь далайд гарцгүй учраас тээврийн зардал өндөр. Тиймдээ ч Хөгжлийн банк нэрээр бондоор босгосон мөнгийг “мега” гэх тодотголтой төсөл рүү цутгаж, тэрбум тэрбумаар алдагдал хүлээсэн гашуун түүх бидэнд бий.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж эхлэхдээ 1991 онд төв банк – арилжааны банк гэх 2 шатлалтай банкны тогтолцоотой болсон нь тухайн үедээ түүхэн реформ байсан гэж үздэг. Үүнээс хойш 30 жилийн дараа системийн хамгийн том банкууд олон нийтийн өмчлөлд шилжиж эхэлсэн нь хоёр дахь хувьсгал гэдэг. Цаашлаад, Засгийн газраас Гадаадын банкинд нээлттэй бодлого барьж байгаагаа ч албан ёсоор зарлалаа. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг чиглэл нь банкны салбар гэдгийг ЭЗХ-ийн сайд Л.Хүрэлбаатар “Монголын эдийн засгийн чуулган 2023”-ын үеэр онцолсон. Ингэхдээ, банкны салбарт хөрөнгө оруулалт хийх таван гарцыг нээлээ.
Үүнд,
-Төлөөлөгчийн газраа байгуулах,
-Банкны салбар нэгж байгуулах,
-Хөрөнгө оруулалтын төрөлжилт,
-Банкны хувьцаа авах,
-Банкны тусгай зөвшөөрөл зэргээр хөрөнгө оруулалт хийх боломжоор хангана.
Засгийн газраас дээрх чиглэлийг барих бол банкны салбарын тогтвортой байдлыг хангах, хөгжлийн бодлогыг тодорхойлогч Монголбанк өөрийн үйл ажиллагаа, зохицуулалтын хүрээнд мөн л нээлттэй хандана гэдгээ илэрхийллээ. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуультай ч боллоо. Энэ мэт алхамууд нь мега төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бизнест сонирхолтой гадны банкуудад шинэ боломжийг нээж өгчээ.
Дотоодын арилжааны банкууд том хэмжээнд өрсөлдөх чадваргүй. Харин гадаадын томоохон банкуудын салбарууд бодлогын шинж чанартай зээл олгодог. Энгийн иргэнд зээл олгохгүй, мега төслүүдийг онилох учраас төгрөгийн зээл бус ам.долларын зээлийг хүү багатайгаар олгох боломж энд яригдана. Мөн “Монголын Эдийн засгийн форум-2023”-д “JP Morgan”, “Goldman Sachs”, “Morgan Stanley”, “CITI”, “Barclays”, “HSBC” зэрэг дэлхийн топ санхүүгийн 45 байгууллагын төлөөллөөс ирсэн нь ч учиртай. Гадаадын банкууд хувийн хадгаламж, бага хэмжээний зээл олгох бизнес рүү орохоос илүүтэйгээр хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой. Энэхүү сонирхол дээр нь тулгуурлаж Монгол Улсын Засгийн газар, салбар яамдууд эрхзүйн орчин, нөхцөлөө зарлалаа. Дэлхий даяарчлагдаж, олон улсын санхүүгийн зах зээл нэг болж байгаа ийм үед гадаадын банк орж ирэхэд нээлттэй хандана гэдгээ олон нийтэд ил болголоо.