Шанхай 100 жилийн өмнө загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон, Английн колони хот байсан түүх бий. Гэхдээ өнөөдөр Хятадын хамгийн том төдийгүй дэлхийд хүн амын тоогоор тэргүүлдэг хот болсныг бөмбөрцөг даяар мэдэхгүй хүн үгүй. Цаашид ч дэлхийн шилдэг хот “өргөмжлөл”-ийг нь тогтмол “зүүлгэх” зорилтыг БНХАУ дэвшүүлжээ. Тус улсын дарга Си Зиньпин улсаа ядуурлаас гаргах зорилтдоо 2021 онд хүрсэн. Тэгвэл өдгөө муж, хотуудаа нэгэн зэрэг тохижуулж, хотжуулах ажилд ханцуй шамлан орж, бүтээн байгуулалт ид өрнүүлж байна. Эл бүтээн байгуулалттай хоёр орны сэтгүүлчид наадмын өмнөхөн танилцаж, хятад мөрөөдөл биеллээ хэдийн олсныг үзэж сонирхсон юм. Тодорхой хэлбэл, БНХАУ, ӨМӨЗО-ы 20, Монголын 30 сэтгүүлч Шанхай, Сүжөү, Нантунь, Чидүн, Нанжин хотоор аялж, нөхөрлөн олон сайхан дурсамж хамтдаа бүтээлээ.
Шанхай өдгөө дэлхийн худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болжээ. Тиймээс дэлхийн толгой баячууд энэ хотод ирж, бизнесээ өргөжүүлэх сонирхолтой. Дээр дурдсанчлан Шанхайг дэлхийн шилдэг хот болгохоор Хятад улс хүч, хөрөнгө харамгүй зарцуулж буй. Нэн тэргүүнд эрдэмтэн, судлаач нарын баг гаргаж, маш сайн төлөвлөлт боловсруулсан аж. Улмаар ирээдүйд Шанхай ийм болно гэсэн дөрвөн давхар загвар төв, үзэсгэлэн, музейн танхим нээсэн байна. Шанхай хот түүхэндээ зургаан удаа дахин төлөвлөлтөд орсон юм билээ. Тодруулбал, 1931, 1946, 1959, 1999-2020 онд Шанхайд шинэ бүтээн байгуулалт өрнүүлж байсан бол энэ удаад мөн л дэлхийн шилдэг хот болгохоор хотоо дахин төлөвлөж, шинэчилж эхэлжээ. Тус хотод өндрөөрөө дэлхийд гуравдугаарт бичигддэг цамхаг бий. 632 метр өндөр, 120 давхар эл барилгыг сүндэрлүүлэхэд нэг ширхэг ч мод ороогүй. Доторх тавилга, тохижуулалтад ч мод үгүй. Галын аюулаас сэргийлэх үүднээс бүх тохижилтыг нь ган болд төмөр, алт, мөнгө, үнэт чулуугаар хийсэн онцлогтой. Эл цамхагт дэлхийд өндөр өртөгтэйд тооцогдох J зочид буудал, хамгийн өндөр давхарт байрладаг, “Гиннесийн ном”-д бичигдсэн ресторан, ашиг орлогоороо олон улсад тэргүүлдэг номын дэлгүүр, үзэсгэлэнгийн танхим бий.
Оройд нь гарвал орчноо 360 градусаар харах тансаг зэрэглэлийн танхим байрладаг гээд давхар бүрт үзэж, сонирхох онцлог, гайхам зүйл бишгүй. Дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн хурдан цахилгаан шатанд суугаад 50-хан секундэд 632 метрийн өндөрт гарчихна.
Хөх мөрний хоёр эргийн шинэ, хуучин хот бүхэлдээ ямар үзэсгэлэнтэй харагддагийг эндээс тольдох боломжтой.
Шанхайд удахгүй 180 давхар нэг, 120 давхар 17 буюу тэнгэр баганадсан нийт 18 барилга сүндэрлэнэ. Нэг хороололд, зэрэгцээ сүндэрлэх эдгээр барилгыг 2025 он гэхэд ашиглалтад оруулах юм билээ. Үүнээс гадна дээр дурдсан дахин төлөвлөлтийн хүрээнд Шанхайг тойрсон дагуул таван хотыг удахгүй байгуулах нь. Эдгээр хот нь түүх соёлын, аялал жуулчлалын, шоу цэнгээний, технологийн, арилжаа худалдааны, Английн колони байсан үеийнхээ хэв загварыг хадгалсан гээд өөр өөрийн онцлогтой байх аж. Ингээд 2025 онд Шанхай дэлхийн шилдэг хот болох зорилтдоо хүрнэ.
Шанхайд үзэж харах зүйл олон. Үүний нэг нь дэлхийд тэргүүлдэг, эмнэлгийн бичил тоног төхөөрөмжийн үйлдвэр юм. Тэд дэлхийн хүн амыг 115 наслуулах зорилготой, зургаан секунд тутамд нэг хүний амь авардаг хэмээн “Micro port” компанийн менежер Цай Жинжин бидэнд сонирхууллаа. Жишээ нь, өнгөрсөн зургадугаар сарын 24-нд Шинжаан дахь иргэнд Нанжинд байгаа эмч хиймэл оюун ухаан (AI) ашиглан 5000 километрийн алсаас 5G рентген аппаратаар элэг тайрах мэс засал хийсэн нь амжилттай болжээ. Энэхүү 5G рентген хагалгааны аппарат дотроо олон янз.
Тухайлбал, ясны, цусны, уушгины, зүрхний, улаан хоолойн мэс засал хийх хувилбаруудтай. Улаан хоолойн 5G рентген аппарат гэхэд хүний бие рүү бичил биет оруулж, хорт хавдрыг хөлдөөх, идэвхгүй болгох ач тустай. Өвдөгний үе солих мэс заслыг дэлхийн аль ч улс оронд хамгийн туршлагатай эмч л хийдэг. Тэгвэл дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн эмч нар ясны аппарат ашиглан, үе солих мэс засал хийж эхэлсэн бөгөөд үр дүн нь 100 хувийн амжилттай болдог гэнэ.
Тэр ч бүү хэл, өвчтөн гэртээ хагалгаанд орох тохиолдол цөөнгүй. Өвдөгний үе солиулсан өвчтөн өдөртөө хөл дээрээ босдог, биед зовуурь багатай гэдгийг тэд онцолсон. Эдгээр аппаратын туршилт амжилттай болсон төдийгүй олон улсад өргөнөөр ашиглаж буйг мэргэжилтнүүд дурдлаа. 1998 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн “Micro port” олон зуун туршилт хийж, тэрбум тэрбум юань зарцуулснаар өнөөдрийн амжилтдаа хүрчээ. Тус компанид 30 орны 12 000 эрдэмтэн, судлаач, эмч ажилладаг. Тэдний олонх нь хятад мэргэжилтэн. Энд бичил хагалгааны 500 гаруй тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Эдгээр нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг юм байна. “Micro port” одоогоор Шанхайгаас гадна Сүжөү, Шэньжэнь хот, АНУ, Франц Итали, Доминикан улсад салбараа нээжээ. Өөрөөр хэлбэл, Өмнөд Африкаас бусад оронд 24 цаг тасралтгүй ажиллаж, судалгаа шинжилгээ хийсээр байна. Уйгагүй ажлынхаа эцсийн зорилгыг тэд “Хүн төрөлхтний эрүүл байх эрхийг хангах” хэмээн бахархалтайгаар тайлбарласан. Энэ ч утгаараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дээд шагнал хүртсэн гэнэ. Тус компанийн амжилтад хүрсэн ноу хау нь байгууллага даяараа буюу 12 000 ажилтан нь ёс зүйн найман зарчмыг ягштал биелүүлдэгтэй нягт холбоотой юм билээ.
Шанхайн “Бай Чю” цахим худалдааны групп рүү дэлхийн алдартай брэндүүд “шуурч” байна. Шинэлэг загвар, тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн зах зээлд гарахдаа эдний талбарт л эхэлж бүртгэгдэн, талх шиг борлуулагддаг учраас ийнхүү хошуурч буй хэрэг. 2011 онд үүдээ нээсэн эл цахим сүлжээ өдгөө групп болтлоо өргөжиж, таван охин компани, 3000 ажилтантай болжээ. Дэлхийг хэрсэн цахим худалдааны сүлжээ “Бай Чю” компанийн талаар товч танилцуулъя.
Зүйрлэвэл манай МҮОНРТ-тэй дүйцэхүйц том “Рү мөмө” студид зочлов. Бидний мэдэх “Хуанжу гэг” киноны “хорон” санаат Рү мөмөгөөр студиэ нэрлэжээ. “Бай Чю” группийн эл охин компани 500 гаруй ажилтантай. Тэд дэлхийн шилдэг брэндүүдийг сурталчилдаг. Сүүлийн жилүүдэд эл студи олон улсын брэндийн визуал үйлчилгээ гаргаж, график болон богино хэмжээний видео зураг авалтыг өндөр түвшинд хийх болсон. 2021 оноос нэг цэгийн бүтээлч шийдлүүдийг компаниудад санал болгож эхэлжээ. Тодорхой хэлбэл, 3D загварчлал, хиймэл оюун ухаан болон бусад технологийг хослуулан брэндүүдийн өвөрмөц, онцгой виртуал дижитал сурталчилгаа хийж, мета ертөнц, интернэтийн цахим худалдааг нэгтгэжээ.
“Puma” гэсэн хаягтай шилэн өрөөний цаана уг брэндийн бүтээгдэхүүний сурталчилгааны зургийг авч байв. Зураглаач дүрс авч, модель бүтээгдэхүүнээ борлуулна. Цаашлаад “Lancome”, “Gucci”, NB, “Pandora”, “Аdidas”, “Max mara”, “Nike” гээд брэнд бүхэн зураг авах өөрийн гэсэн өрөөтэй. Ингээд тооцвол бараг 180 гаруй өрөөтэй гэсэн. Ер нь бүх өрөөнд нэгэн зэрэг шахам сурталчилгаа “үйлдвэрлэж” байв. “Рү мөмө” студийн 500 гаруй ажилтны цөөнгүй нь инфлүүнсэр. Тэдний олонх нь нэг саяас олон дагагчтай. Улаан үнэмлэхтэй инфлүүнсэр зөвхөн нэг л брэнд сурталчлах урт хугацааны гэрээтэй ажилладаг. Цэнхэр үнэмлэхтэй нь өөр өөр брэнд сурталчлах эрхтэй. Таван давхар студийн нэгдүгээр давхрыг бүхэлд нь гоо сайхны салон болгожээ. Модель, инфлүүнсэрүүд энд нүүрээ будуулж, үсээ янзлуулсны дараа гуравдугаар давхар луу ажлаа хийхээр гардаг. Тус компанийн ажлын ихэнхийг хиймэл оюун ухаан буюу технологи нугалдаг аж. Тэр утгаараа 3000 ажилтны 200 нь маш сайн мэргэшсэн IT инженер гэсэн. Өдгөө “Бай Чю” группт дэлхийн өнцөг булан бүрээс компаниуд хандан, маркетингаа бүрэн даатгадаг болжээ. “Бай Чю” брэнд бүрийн тоогоор цахим болон тик ток хуудаснууд нээж, бүгдийг хариуцаж ажилладаг гэнэ.
Хятад хоол дэлхийд амт бөгөөд өнгө үзэмжээрээ тэргүүлдэг. Тэгвэл одоо робот тогооч ажиллуулдгаараа Шанхай алдартай болжээ. Үүний тод төлөөлөл нь хиймэл оюун ухааны технологиор дамжуулан хятад хоолны үйлдвэрлэлийг стандартын дагуу хийдэг “Ши Шян И Шян” компани юм. 2021 онд Шанхайн Хунчао гудамжинд Хятадын анхны хиймэл ухаан буюу АI зоогийн газраа нээжээ.
Олон зуун жил үе дамжин ирсэн нууц жороо стандарттай болгож, хиймэл оюун ухаан ашиглан роботод “өвлүүлсэн” гэнэ. Тиймээс Шанхайд зочилсон хүн бүхэн захын их дэлгүүрээр орж, роботын хийсэн рамён, малатан, амтат шарсан мах гээд Хятадын уламжлалт хоол зооглож болно. “Ши Шян И Шян” ресторан Шанхайд төвтэй бөгөөд хүн ам ихтэй Чиндао, Ханжоу зэрэг зургаан газарт салбараа нээжээ. AI ашиглан хоол хийдэг робот бүтээгээд хэдийн хоёр жил болсон аж. “Ши Шян И Шян” компанийн дата платформ хятад болон нийтийн хоолны жорыг оруулснаар робот 3-5 минутад хийж орхино. Тиймээс хиймэл оюун ухаан бүхий роботод хандан ийм шөлийг тийм маягаар амтлаад өгөөч гэж хэлэхэд л хангалттай. AI робот таны дуу хоолой, нүүрийг таньж, харилцан ярилцана. Шанхайд AI ресторан дөрөв бий. Үүнээс гадна зоогийн газрын гадна зууш бэлтгэх ухаалаг машинууд байрлуулж, дижитал мөнгөөр тооцоо хийх, ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх боломжуудыг ч нээжээ. Мөн иргэд робот тогоочид хүссэн захиалгаа өгөөд, гэртээ хүргүүлэн авч болдог юм билээ. Ийнхүү Шанхайн эдийн засаг хурдацтай өсөж, хиймэл оюун ухаан, инновацаа түлхүү хөгжүүлж байна.
Үргэлжлэл бий.