-Төрийн бүх байгууллага гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих үүрэг хүлээнэ-
Дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2021 онд 1.6 их наяд ам.долларт хүрч байв. Ялангуяа, азийн орнуудад оруулсан нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувийг Хятад, Хонгконг, Сингапур, Энэтхэг, Арабын нэгдсэн эмират, Индонез улс босгожээ. Тэгвэл 2023 оны Дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд дурдсанаар Далайд гарцгүй орнуудаас Казахстан улс 6.1 тэрбум ам.доллар төвлөрүүлээд байна.
Үүнээс харахад гадаадын хөрөнгө оруулалтын урсгал азийн орнууд руу чиглэсэн гэлтэй.
Энэхүү урсгалыг Монгол руу хөтөлж, 2024 онд дөрвөн тэрбум ам.доллар татахаар Засгийн газар ажиллаж байна. “Дэлхийн экспортыг дэмжих чуулган”-ыг Монголд анх удаа хийж, “Монгол эдийн засгийн форум-2023”-ыг наадмын өмнө зохион байгуулахдаа хөрөнгө оруулагчдад найр тавьж байгаагаа албан ёсоор зарлалаа. “Монголын Эдийн засгийн форум-2023”-д “JP Morgan”, “Goldman Sachs”, “Morgan Stanley”, “CITI”, “Barclays”, “HSBC” зэрэг дэлхийн топ санхүүгийн 45 байгууллагын төлөөллөөс гадна “Рио Тинто” группийн хувьцааг эзэмшдэг 20 гаруй сангийн төлөөлөгч, 20 гаруй банкны эксперт, судлаач, тус группын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолсон.
Монгол Улс хөрөнгө оруулалт татахын тулд макро эдийн засгийн нөхцөл, бизнесийн боломж, бодлогын чиглэлд эрх зүйн зохицуулалт хийхээс гадна Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсан. Ингэснээр хөрөнгө оруулалтыг дэмжих, татах, тэдний эрхийг хамгаалах, нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, экспортын чиглэлд түлхүү анхаарч ажиллах зорилгыг тээжээ.
Тус санхүүжилтийг банк, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, худалдааны чөлөөт бүс, дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт голлон төвлөрүүлнэ гэдгээ “Монголын эдийн засгийн форум 2023”-ын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар илэрхийлсэн.
Мөн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан агаарын геофизикийн хайгуулын цогц судалгааны ажлыг эхлүүлж, хайгуул хийх талбайг 20 хувьд хүргэж, уул уурхайн салбар дахь оролцоог нэмэгдүүлнэ. Ингэснээр 2024 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дөрвөн тэрбум ам.долларт хүргэх амбицтай байна.
Гадныханд ээлтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн. Тиймээс амжиж намрын УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Хуулийн төсөлд дараах шинэчлэлүүдийг хийнэ.
Үүнд:
- Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх,
- Хуулийн болон эрхзүйн орчины тогтвортой байдлыг хангах,
- Олон улсын арбитрын шүүхээр гомдлоо шийдвэрлүүлэх эрх,
- Хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн байгуулагын чиг үүрэгт оруулж өгөх,
- Татварын урамшууллыг Татварын ерөнхий хуулиар зохицуулах,
- Төрөөс хийх хяналт шалгалтын давхардлыг арилгах,
- Тогтворжуулах гэрчилгээг хялбаршуулах асуудлыг оруулж өгчээ.
Мөн хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг 100 мянган ам.долларын босгыг хүчингүй болгох юм. Өөрөөр хэлбэл, Монголд бизнес эрхлэх гадаад дотоодын хөрөнгө оруулагчид нэг гараанаас эхэлнэ гэсэн үг.
Олон улсын бизнес эрхлэгчдийн хувьд улс төрийн тогтвортой байдал, эрх ашгаа хамгаалуулах асуудал толгойны өвчин болдог. Тиймээс дээрх хуулийн төсөлд энэ мэт асуудлуудыг тусгаж, төрийн бодлого залгамж халаатай, тогтвортой байна гэдэг “мессеж”-ийг дэлхий дахинд өглөө. "Гадаадаас хөрөнгө оруулалт татаж чадвал юунд зарцуулах вэ" гэсэн асуулт урган гарч ирнэ. Өмнө нь төвлөрүүлж байсан санхүүжилт үр дүнгүй, эдийн засгийн хөөсрөл үүсгэсэн гэх шүүмжлэлийг мэргэжилтнүүд илэрхийлдэг. Тэгвэл энэ удаа гадаадын хөрөнгө оруулалтыг УИХ-аас баталсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх шаардлагатай 51 төсөл рүү чиглүүлэхээр төлөвлөжээ.
Одоогийн байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 30 хувийг БНХАУ эзэлж, уул уурхайн салбарт голчлон хамтарч байна. Европын холбоотой Олон улсын худалдааны харилцаагаа төрөлжүүлэх санхүүжилт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллаж байгаа бол ОХУ-тай боомт, дэд бүтэц, шатахууны импорт, БНСУ-тай өндөр технологийн салбар, газрын ховор элемент, АНУ-тай ашигт малтмал, цэвэр эрчим хүч, цахимжуулалт, Их британитай хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хууль эрх зүйн шинэчлэл чиглэлээр хамтардаг. Үндэсний статистикийн хороо, Монголбанкны статистикаас үзвэл Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоогоор Хятад улс тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын 9685 компани Монголд үйл ажиллагаа явуулж буй. Дээр нь БНСУ-ын 2412, ОХУ-ын 685, Японы 666 компани манайд бүртгэлтэй байна.
Монголд 1990 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 41.1 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татжээ. 2005 онд 0.3 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 3.4 тэрбум ам.долларт хүрсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрсэн түүхийг 2011, 2012 онуудаас харж болно. Тухайн үед 5.7 болон 5.2 тэрбум ам.долларт хүрсэн рекорд тогтоож байлаа.
Төрийн бүх байгууллага гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих үүрэг хүлээхээр боллоо. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хариуцсан тусгай агентлагийг ч байгууллаа. Олон улсын бизнес эрхлэгчдэд найр тавьсан эрх зүйн шинэчлэл хийж байгаагаа Монгол Улс ийн зарлалаа.