-2022 онд эдийн засаг 3.9 хувиар агшжээ-
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдал, Хятадад тогтоосон хөл хорио, улс орнуудын Төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого зэрэг нь 2022 онд инфляц, төлбөрийн алдагдлаар илэрхийлэгдэн манай улсын эдийн засагт томоохон сорилтыг үүсгэжээ. Тухайлбал инфляц 2009 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч 16.9 хувь боллоо. Мөн гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.долларт хүрч, 2016 оноос хойших хамгийн бага түвшнийг заалаа. Ингэснээр 2022 онд улсын эдийн засаг 3.9 хувиар агшсан. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 2022 онд 17.1 их наяд төгрөг, нийт зарлагын ба цэвэр зээлийн дүн 18.1 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувийг эзэлж байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчдад хяналт байдаггүй
Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад хамаарах 6.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 1.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1369 төсөл хэрэгжүүлжээ. Аудитын дүгнэлтээр 6618 санхүүгийн тайлан нэгтгэгдэж, төсвийн 57 ерөнхийлөн захирагчийн 40 нь өөрчлөлтгүй, 17 нь “хязгаарлалттай” гэсэн дүн авчээ. Мөн төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулдаггүй байна. Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй болжээ.
Дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийдэггүйгээс орхигдсон болон олон жил үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээг богино хугацаанд ашиглалтад оруулах шийдэл байдаггүй. Үүний улмаас төсвөөс санхүүжүүлсэн 287.6 тэрбум төгрөг салхинд хийсэх эрсдэл үүссэнийг аудитын дүгнэлтэд дурджээ.
Төсвийн нэгдсэн бодлогын зарчим алдагджээ
Гадаад, дотоод зээлийн эх үүсвэр болон Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөс иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлийн мэдээллийг Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д байршуулаагүйгээс хэд хэдэн эх үүсвэрээс давхардуулан зээл авч, зээлийн баталгаа чанаргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй, зээлийн эх үүсвэр бүрдэхгүй байх эрсдэл нэгэнт үүсжээ.
Мөн Монгол Улсын хөгжлийн банктай холбоотой 1.4 их наяд төгрөгөөр илэрхийлэгдэх зээлийн эргэн төлөлтийн асуудал ч сөхөгдсөн. Энэ мэт асуудлууд Төсвийн нэгдсэн бодлогын зарчмыг алдагдуулж, жил бүр илэрдэг зөрчлүүд арилахгүй байсаар байна.
2022 онд улсын төсвөөр хийсэн хөрөнгө оруулалт
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд дэд бүтэц, бүтээн байгуулалт, нийгмийн чиглэлийн 1062 төслийг хэрэгжүүлж, нийтдээ 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийжээ. Нийгмийн салбарт 17 сургууль, 32 цэцэрлэг, 9 дотуур байр, 4 сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 музей, 11 соёлын төв, 7 спорт заал, 4 спорт цогцолбор барьж байгуулсан байна.
Хөдөлмөр нийгэм хамгааллын 20 төсөл хэрэгжүүлжээ. Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 469.2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлж, тэтгэврийн доод хэмжээ 350 мянга байсныг 500 мянган төгрөг болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 7 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 73.9 тэрбум төгрөгийг зарцуулж, байнгын 6124 ажлын байр, цагийн ажлын байр 6599, түр ажлын байр 21286, нийтдээ 34009 ажлын байр бий болгосон гэдэг аудитын дүгнэлт гарчээ.
Эдийн засгийн салбарт 34 авто зам, 6 гүүр байгууламж, инженерийн шугам сүлжээ 58, цахилгаан хангамжийн 16 төсөл, дулаан хангамжийн 7 төсөл гэх зэрэг улсын хэмжээнд нийтдээ 428 төсөл ашиглалтад орсон. Нийт 1.8 их наяд төгрөгийн дүн бүхий гадаадын зээл тусламжийн 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Улсын II төв эмнэлгийн өргөтгөл шинэчлэл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл, Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төсөл, цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын 2 төсөл, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” , “Ухаалаг засаг 1” төсөл зэргийг хэрэгжүүлжээ.
БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 аймгийн төвийн дулааны станц барих, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 эгнээ зам барих төсөл зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлсэн.