“Морин хуур” төвийн дэргэдэх “Жонон хар” музей аялал жуулчлалын улирал угтан тур оператор, агентлагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан билээ. Тэгвэл ирэх сарын 2-нд МҮЭСТО-д “Монголын нэг өдөр” ардын урлагийн тоглолт, морин хуур, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг жуулчдад зориулж зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолтод “Дөмөн”, “Хатад” зэрэг ардын урлагийн хамтлаг болон морин хуурч, уран нугараач, хөөмийч, уртын дууч уран бүтээлчид оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Мөн франц морин хуурч Стив Морел урилгаар оролцох аж.
“Жонон хар” нь монгол үндэстний хөгжмийн зэмсгийн анхны музей гэдгээрээ онцлогтой. Тус музейд зочилсноор өвөрмөц хийц загвар бүхий морин хууруудтай танилцахаас гадна уг хөгжмийн хөгжлийг харуулсан гэрэл зураг, уран зураг, баримтат материалуудтай танилцах боломжтой. Харин ирэх сарын эхээр болох үзэсгэлэнд үүнээс заримыг нь дэлгэж, олон нийтэд танилцуулах нь.
Бэлтгэсэн: Н.Мишээл