Монголын урлагийн зөвлөлөөс АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг “Alum¬ni engagement innovation fund” сангийн дэмжлэгтэйгээр “Урлаг хөгжлийн төлөө” төсөл хэрэгжүүлж буй юм. Тус зөвлөлийнхөн 2008 оноос хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд зориулсан урлагийн боловсролын “Би чадна”, “Бид чадна-бид авьяастай” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Энэ талаар Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй ярилцлаа.
-Хүүхдүүдэд урлагаар дамжуулан боловсрол олгохын давуу тал юу вэ?
-Манай байгууллага 2002 оноос эхлэн урлагийн боловсрол гэдэг ойлголтыг Монголын соёл урлагийн салбарт анх түгээн дэлгэрүүлсэн гэхэд болно. Хүний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн гол зэвсэг бол урлаг юм. Энэ талаар хүмүүс ойлголт багатай байх үед бид ярьж эхэлсэн. Урлагийг нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжил талаас нь саяхнаас л ярих болсон. Урлагаар дамжуулан хувь хүний бүтээлч байдлыг хөгжүүлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайхныг бий болгох, эдийн засагт хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг бид төсөл, хөтөлбөрөөрөө олон нийтэд таниулж эхэлсэн. Гэхдээ олон улсын байгууллага, сангуудаар дамжуулан тэтгэлэг авч, албан бус хэлбэрээр явуулж ирлээ.
-“Урлаг хөгжлийн төлөө” төслийг яагаад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэрэгжүүлэхээр болов?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулдаг, хамгийн том байгууллага учраас тус төвийг сонгосон юм. Хүүхдүүдийг зөвхөн анагаах ухаан талаас эмчлэх бус, бүтээлч хамтын ажиллагааны хүрээнд уран бүтээлчдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон. Хүүхдүүдийг урлагаар анагаах боломжтой гэдгийг харуулах, тус төвийн мэргэжилтнүүдийг чадавхжуулахад хувь нэмэр оруулахыг хичээж байна. Мөн сургалтын үйл явцад суурилсан гарын авлага хэвлүүлэхээр болсон. Энэ гарын авлага бусад дүүрэг, орон нутгийн төвд урлагийн боловсролын албан бус агуулгын үлгэр жишээ хөтөлбөр болоосой гэж хүсэж байна. Уран бүтээлчид дүрслэх урлаг, хөгжим, бүжгийн хичээлээр дамжуулан хөгжлийн онцлог, ялгаатай хөгжилтэй бие бялдартай хүүхдүүдэд танин мэдэхүй, сэтгэл санаа, зан төлөвийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхээр ажиллаж буй. Бид хамгийн анхны төслөө тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгт “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн. Хүүхдүүдийг хөгжим, бүжиг, зураг, керамик урлагаар хөгжүүлэх “Би чадна” төслөө амжилттай дуусгасан.
-“Би чадна” төсөлд хамрагдсан хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарсан бол?
-Бие махбодын онцлогоос шалтгаалан шөрмөс нь хатангиршсан хүүхдүүдийн гар, хөлийн хөдөлгөөнийг дэмжихэд илүү анхаарсан юм. Тухайлбал, харандаа, үзгээ барьж сурах, хөл, гарын аль нэгээр нь зураг зурах гэх мэт. Үүний үр дүнд олон хүүхэд хөлөөрөө зураг зурж болохоо анзаарч, чаддаг болсон. Хүүхдүүдийн бүтээлээр зурагт тэмдэглэлийн ном хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгож байлаа. Хүүхэд нь бүтээн туурвиж, хийж буй зүйлээсээ урам аваад эхлэхээр аав, ээжүүдийн идэвх оролцоо ч сайжирч, дэмждэг юм билээ. Заавал шар нар, цэнхэр тэнгэр зурахаас илүү хүүхдийн дотоод ертөнцөд болж буй үйл явцыг илрүүлэн гаргах нь урлагийн гол үүрэг, хэрэгцээ шаардлага байдаг. Гоё зурахдаа биш. Төсөлд хамрагдсан хүүхдүүдэд бүжиг, хөгжим, дүрслэх урлагийн сургалтаар дамжуулан хөгжлийн ахиц гарсан нь их чухал байлаа. Урлагийн боловсролын үр дүн маш удаан хугацааны дараа гардаг. Оролцоонд тулгуурлаж өөрчлөгддөг учраас урт хугацаа шаарддаг юм. Үүнийг эцэг, эхчүүд, багш нарт ойлгуулах нь чухал. Төсөл хэрэгжүүлснээр хүүхдийн хөгжлийн үйл явцыг ажиглах хэрэгтэйг ойлгосон. Энэ утгаараа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийнхөнтэй хамтарч ажиллаж байна. Уран бүтээлчид газар дээр нь очиж, хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа.
-Ямар уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа вэ?
-Зураач, чөлөөт уран бүтээлч Б.Гэрэлцэцэг, Үндэсний урлагийн их театрын ятгачин Б.Хишгээ, “Сити” их сургуулийн бүжгийн багш, бүжигчин Ж.Номгонмаа болон түүний шавь нартай хамтарч ажиллаж байна. Монголд нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг уран бүтээлчтэй болох хэрэгцээ үүссэн. Уран бүтээлч зөвхөн урландаа сууж бүтээлээ туурвих нь энэ цаг үед явцуу ойлголт гэж үзэх боллоо. Бүтээлээ туурвих, түүндээ үнэнч байх, борлуулж орлого олох гэдэг нэг ойлголт. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, бусдад өөрийгөө таниулж, хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ашиг шимийг хүртэх нь бас өөр ойлголт байдаг. Тэгэхээр манай төслийн багаас уран бүтээлчид боломж олгож буй юм. Энэ төсөл нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахад хувь нэмрээ оруулахын зэрэгцээ уран бүтээлчдийг ажлын байртай болгох эхлэл гэж харж байгаа. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд уран бүтээлчид маань долоо хоногт гурван удаа очиж, сургалт явуулж байна.
-Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэж хязгаарлахгүйгээр бусад хүүхдэд ч урлагийн боловсрол олгох нь чухал. Үүнд хэр анхаарч байгаа вэ?
-Манай байгууллага нийгмийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, хөгжлийн төлөө дуу хоолойгоо олон нийтэд хүргэхэд анхаарч ирсэн. Яагаад ялгаатай хүүхдүүдийг сонгосон бэ гэхээр тэдний хувьд урлагийн боловсрол хүртэх боломж муу байдаг. Багш нарын хүрэлцээ, хүүхдүүдийн оролцоо тааруу. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд дүрслэх урлаг, дуу хөгжмийн хичээл ордог. Ямар нэгэн хэлбэрээр урлагтай ойр байгаа. Урлагийн сэтгэл засалч, уран бүтээлчид нийгэмд хувь нэмрээ оруулж буй хэлбэр нь дугуйлан, сургалт хичээллүүлэх. Үүнд хөгжлийн ялгаатай хүүхэд хамрагдах боломж хомс. Урлаг, спорт хүнийг тайвшруулж, уярааж, өөрчилдөг. Тиймээс боловсролын байгууллагуудыг урлагийн боловсрол олгох албан бус хөтөлбөртэй болгох зорилготой байгаа. Бид урьд нь “Найрамдал” олон улсын зуслантай хамтарч ажилласан. Амарч буй хүүхдүүдэд үндсэн хөтөлбөрөөс гадна хөгжим, дүрслэх урлагаар хичээллэх боломж олгож байлаа.
-Сонсголон дахь сэргээн засах төвийн энэ сургалтад хэчнээн хүүхэд хамрагдав?
-Давхардсан тоогоор 60-70 орчим хүүхэд тодорхой давтамжтайгаар хичээллэж байна. Уран бүтээлчид маань тус төвийн мэргэжилтэн, хөдөлгөөн засалч нартай хамтран өнгөрсөн сараас эхлэн сургалтаа явуулж буй. Тэд хэр өгөөжтэй ажиллах вэ гэдэг сонирхол татаж байгаа. Зугтмаар, эсвэл үргэлжлүүлэн ажилламаар байна уу, мөн тухайн байгууллагын хамт олны хүлээлтэд хүрсэн, үгүйг удахгүй дүгнэнэ. Төслийн үр дүн заавал 100 хувь амжилттай байх албагүй. Энэ нь уран бүтээлчдийг өөр байдлаар нийгэмд хувь нэмрээ оруулах боломж олгосон туршилтын төсөл. Төслийг амжилттай хэрэгжүүлбэл үүн дээрээ үндэслэн дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөнө.
-Сургалт явуулж буй газар нь хотын төвөөс нэлээн зайтай учраас хүүхдээ хүргэх, авахад хүндрэлтэй гэж сонслоо. Тэнд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд голчлон хамрагдаж байна уу?
-Төслийн эхэнд бид сургалтад хамрагдах хүүхдүүдийг урьдчилан бүртгэхээр зорьсон. Гэтэл сэргээн засах төв хол учраас хүүхдүүд манайд төдийлөн хандаагүй. Тиймээс хүссэн хүүхэд бүрд нээлттэйгээр зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд хамрагдаж байна. Ийм арга хэмжээг тус төвд өмнө нь зохион байгуулж байгаагүй учраас хамтын ажиллагаа их чухал. Үр дүнгээс үйл явцыг илүүд үзэж байгаа.
-Тус төвд тулгуур эрхтэн, оюуны гээд бэрхшээл бүр нь харилцан адилгүй хүүхдүүд эмчлүүлдэг. Хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд тулгуурлаж сургалтаа явуулж байгаа юу?
-Тус төвд төрөл бүрийн ялгаатай хөгжилтэй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг юм билээ. Гэхдээ бид хөгжлийн онцлогоос нь шалтгаалахгүйгээр хүүхэд бүрийг сургалтад хамрагдаасай гэж хүсэж байна. Хүүхдээ мэдэрдэг, ахиц өөрчлөлтийг нь анзаардаг мэргэжилтнүүдтэй уран бүтээлчдийг хамт ажиллуулж байгаа нь төслийн нэг онцлог юм.
-Сургалтыг ямар хэлбэрээр явуулж байна. Тухайлбал, бүжиг гэхэд анхан шатны хөдөлгөөн заах уу?
-Хүн болгон хөгжим сонсоод аяыг нь ойлгож, бүжиглэх албагүй. Өөрийгөө илэрхийлэх нь чухал. Тухайлбал, Моцартын нэг хөгжмийг сонсоод хүүхдээс ямар илэрхийлэл гарч байна вэ гэдгийг олж нээх нь чухал юм. Тусгай хэрэгцээт хүүхдүүд аяыг мэдэрч сонсож сурах нь төслийн үр дүн. Түүнээс биш гоё бүжиглүүлж, зуруулж, дуулуулах гээгүй. Олон хүний дунд тааламжтай байх, бусдын хэлж, ярихыг сонсож сурах, байгаа орчиндоо үйлдлээ хянах, ойлгосноо ухамсартайгаар үйлдэж сурах зэрэг багахан өөрчлөлтийг л хүлээж байна. Жишээ нь, баруун хөлөөрөө бүтэн гишгэдэггүй байсан хүүхэд бүжгийн сургалтад хамрагдсанаар хөлөө мэдэрч сурах нь нэг алхам. Хүнийг даган дуурайх үйлдэл илүү бодитой болох нь ахиц. Тогтож суудаггүй хүүхэд хэдэн минут тайван суух, чанга орилдог байснаа болих зэрэг нь амжилт юм. Хүүхэд баруун гараараа сул дарж зурдаг байсан бол сургалтын дараа харандаагаа чанга атгаж, өнгөө тодоор илэрхийлж, өөртөө итгэлтэй болох нь сургалтын үр дүн гэж харж байгаа.
-Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд урлагийн боловсрол олгох олон улсын ямар туршлагууд байдаг бол?
-Олон улсад цэцэрлэгийн наснаас эхэлж урлагийн боловсрол олгодог. Онош тавьсан даруйд л физик эмчилгээний хажуугаар тархи, оюун ухааныг нь хөгжүүлэхэд анхаардаг юм. Манай улсад тусгай хэрэгцээт хүүхдүүд урлаг гэхээс илүүтэй спортод амжилт гаргаж байна. Паралимпийн олон тамирчин бий. Онцлогтоо тохирсон ямар нэг спортоор дагнаж хичээллэснээр амжилтад хүрсэн жишээ цөөнгүй. Гэвч урлагийн салбарт амжилт гаргасан нь маш ховор, бараг байхгүй гэхэд болно. Хүүхдүүдэд урлагаар хичээллэх хэрэгцээ бийг боловсролын салбарынхан олж харахгүй байна. Сургууль бүр хүүхдийн онцлогт тохирсон урлагийн боловсролын албан бус сургалтын хөтөлбөртэй болох эхлэлийг энэ төслөөр дамжуулан тавихыг хичээж байгаа. Хүүхдүүдэд боломж олгож, оролцоог нь хангах шаардлагатай. Зөвхөн авьяастай хүүхэд л дуулж, бүжиглэдэг биш шүү дээ. Сургалтын агуулга нь бүх хүүхдийг хамруулдаг, уран бүтээлчидтэй хамтран ажиллах юм.
-Монголын урлагийн зөвлөлийг анх байгуулсан үе буюу одоогоос 20 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүсийн урлагийн боловсролд ямар өөрчлөлт гарсан гэж та харж байна вэ?
-Тухайн үеийг бодвол одоо хүн бүр урлагийн боловсрол гэж ярьж байна. Бүр мэргэжлийн хэмжээнд ярьцгаах болж. Харин манай байгууллага хүн бүр авьяастай гэдэгт итгэж, урлагийн боловсролын хүртээмжийг сайжруулахыг зорьдог. Өнгө будаг, хөгжим, ном зохиолгүйгээр амьдрал бараан. Амьдралыг гэрэл гэгээтэй болгодог зүйл бол хөгжим, дуу, бидний харж буй өнгө, будаг, гоо зүйн мэдрэмж. Хувь хүний хөгжилд урлаг маш их үүрэгтэй. Үүгээр дамжуулан боловсрол олгох ажлын суурийг тавьж, хүмүүсийн ойлголтыг сайжруулчихвал бид дангаараа зүтгэх албагүй. Уран бүтээлчид нийгэмд тустай ажил өрнүүлж, хувь нэмрээ оруулахад нь бид дэмжиж ажиллахад бэлэн байдаг.