“Парис 2024” олимпын 3х3 сагсанбөмбөгийн эрх олгох тэмцээн Унгар улсын Дебрецен хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй хоёр баг оролцсон ч харамсалтайгаар эрхээ авч чадалгүй, тэмцээнийг өндөрлөв. Монгол улсын шигшээ багийн эрэгтэй тоглогчид Изралийн шигшээ багийн эсрэг онцгой тоглолтыг үзүүлж, шилдэг дөрөвт багтсан. Гэвч тус тэмцээний үеэр тоглогч А.Ананд эсрэг багийн тоглогчийг мөргөж, ёс зүйгүй үйлдэл гаргасны улмаас талбайгаас "хөөгдөж", дараагийн тоглолтуудад оролцож чадахгүйд хүрсэн.
Үүний дараа Францын шигшээ багийн эсрэг тоглолтод сэлгээгүй гурван тамирчин тоглож, 20:21 харьцаатай ялагдал хүлээж, Польшийн багтай 20:22-ын харьцаагаар ялагдаж, "аялал"-аа харамсалтайгаар дуусгалаа.
Ийнхүү олимпод оролцох эрх авч чадаагүйн улмаас Монголын сагсан бөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгч Г.Батцэнгэл хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр "Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчдадаа ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг юм. Олимпын эрхийг авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж Монголын сагсан бөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно.
МСБХ-ны дүрмийн дагуу эрх бүхий дэд ерөнхийлөгч холбооны цаашдын ажлыг Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана. Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон, хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа Монгол Улс үүрд мандан бадраг" гэжээ.