УИХ-ын 2024 оны тавдугаар сарын 17-ны баасан гаригийн чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцсэн. Тус чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн. Тэдгээрийг холбогдох Байнгын хороодод шилжүүлэв. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Эдгээр хуулийн төслийг хэлэлцэх үеэр одоо ид өрнөж буй УИХ-ын сонгууль, тэр дундаа намын жагсаалттай холбоотой ноцтой зүйл хөндөгдсөн.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ талаар “Намууд жагсаалтад орж байгаа хүмүүсээ санаанд багтахгүй их мөнгө байршуулахыг шаардаж байгаа зүйл яригдаж байна. СЕХ нийтэд мэдээлэл хийх үеэр нэр дэвшигч сонгуулийн тойрогт зарцуулах мөнгөний дүнг бас л дааж давшгүй, хүний санаанд багтахгүй дүн хэлсэн. Үндсэн хуулийн зарчмаар сонгууль нэр дэвших, саналаа өгөх боломжийг олгох ёстой. Бидний зовлонгийн шалтгаан бол авлига, ашиг сонирхолтой холбоотой. Сонгууль мөнгөний хамааралтай байна гэдэг нь авлига ашиг сонирхлын хүлээнд байна гэсэн үг. Мөнгө өгсөн эздэдээ л үйлчилнэ. Нийтийн эрх ашгийн төлөө ямар ч байр суурь илэрхийлэхгүй сууж байдаг хэсэг бий" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд “Асар их мөнгөөр жагсаалтад орох санал худалдаж авч байгаа талаар яриа яваад байна. Хууль зүйн сайд та үүнийг хянаж байх ёстой. Тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн 50 хүртэл хувийн зардлыг жагсаалтаар нэр дэвшигч гаргаж болно гэсэн. Гэтэл юун тэр байтугай санаа зовмоор тоогоор намууд суудлаа, тойргоо худалдаад байна гэсэн мэдээлэл байна. Энэ бол мөнгөөр төр байгуулах эрхийг худалдаж авч байгаа буюу хууль бусаар төрийн эрхийг авахыг оролдох гэж үзэж болохоор байна. Бид их хурлаа чанартай болгоё, сайжруулъя гээд хуулиа өөрчлөөд байдаг. Ямар ч нүх цоорхойгүй хийлээ гэж бодсон. Гэтэл өөрсдөө том нүх гаргаад мөнгөөр уралдаад байдаг. Ингэвэл энэ сонгууль юу болж таарах вэ” гэв.
Үүний хариуд УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Ирэх даваа гаригт улс төрийн намууд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулж дуусна. Зарим нам нэр дэвшүүлэх зөвлөлөө байгуулаад байгаа. Хувийн хэвшил өндөр ёс суртахуунтай байх шаардлага тулгарна. Зарим нам мөнгө цагаан нүд улаан болоод жагсаалтын эхний тавыг 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл байгаа. Үүнтэй холбоотой хувийн хэвшлийн томоохон бизнесийн байгууллагаас мөнгө цуглуулж байгаа асуудал авагдаж байгаа. Хэрэг төвөгт орсных нь дараа биш хэрэг төвөг гарахаас урьдчилан сэргийлүүлж, ялангуяа улс төрийн намын удирдлагууд, бизнесийн томоохон компанийн захирлуудад хандаж, өнөөдөр, маргааш, нөгөөдөр гэсэн гурван өдрүүдэд хэрэгт орж гогодуулав аа. Энэ тохиолдолд саяын асуудал яригдахгүй. Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болно. Олон тэрбум төгрөгөөр жагсаалтыг наймаалж, баялаг бүтээгчээс мөнгө авч байгаад гардуулбал тухайн нам, намын удирдлага, тухайн компанийн захирал битгий харамсаарай. Хууль үйлчилж таарна шүү гэдэг зүйлийг урьдчилж хэлье” гэж хариулсан юм.
ХЗДХ-ийн сайдын энэ үг тэр даруйд олон нийтийн дунд дуулиан тарьж, хариулт нэхэж эхлэв. “Зарим нам” гэсэн нь ямар ямар намыг хэлчихэв ээ., “Хувийн хэвшлийн томоохон бизнесийн байгууллагууд” гэж ямар компаниудыг хэлсэн бэ гэсэн асуултууд хөврөв. Үүнтэй зэрэгцээд “Б.Энхбаяр хэлсэн учраас МАН-аа хэлээгүй нь ойлгомжтой. Жижиг гэгддэг намуудын жагсаалт 10-15 тэрбум хүрэхгүй нь тодорхой. Тиймээс АН-ыг л хэлсэн байх магадлалтай” гэцгээж байна. Энэ ортой байж мэдэх юм. Учир нь “АН-д АПУ, “Эм Си Эс” компаниуд буйраа зассан. Төлөөний хүмүүс жагсаалтын эхний хэдэд бичигдэхээр болж байна” гэх яриа аль хэдийнээс мэр сэр дуулдаад байсан. Үүнд нь АН-ынхан ч бухимдалтай байгаа гэж байсан юм.
Тэрчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгээс “Энэхүү хариуцлагатай сонгуульд АН-аас үе үеийн парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, иргэд сонгогчдод илүү танигдсан ардчиллын манлайлагчдадаа хандаж сонгуулийн тойрогт нэрээ дэвшүүлж өрсөлдөхийг уриалж байна. Харин ардчиллын үнэт зүйлийг тээгч, мэдлэг боловсролтой шинэ үеийнхэн, орон нутагт ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэж ирсэн ардчиллын түүчээлэгчид, эмэгтэйчүүд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жагсаалтаар нэр дэвшүүлэх нь өнөө цагийн нийгмийн шаардлагад бүрэн нийцнэ гэж үзэж байна” гэсэн уриалгыг гаргасан. Чухамдаа эдгээр нь ХЗДХ-ийн сайдын хэлсэнтэй холбогдох боломжтой юм. Тиймээс “АН-ын удирдлагууд, АПУ, “Эм Си Эс” компанийн захирлууд Б.Энхбаяр сайдаас анхааруулга авчих шиг боллоо” гэх яриа гарч эхлэв бололтой.
Т.Баярдорж