Сүхбаатар дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Миний сүлжээ” дэлгүүрт өнгөрсөн баасан гарагт гал гарч, хий дэлбэрснээс хоёр хүн амиа алдлаа. Тус дэлгүүрт гал гарсан тухай дуудлага баасан гаргийн 12.33 цагт Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 101 дугаарын утсанд ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, ажилласан юм. Тус дэлгүүрийн зүүн хойд хэсэг дэх агааржуулалтын системийн доор, хөргөлтийн шингэн буюу фереон шахаж байхдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журам баримтлаагүйгээс гал гарсан гэж ослын газарт ажилласан аврагчид, үзлэг хийсэн шинжээчид үзэж байгаа юм. Үүнд өртөж гурван хүн түлэгдсэн бөгөөд тэднийг ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд хүргэсэн ч нэг ньочих замдаа шахам, нөгөө нь эмчилгээ хийлгэж эхлэх үед амьсгал хураасан гэнэ. Харин нэг хүний бие маш хүнд байгаа хэмээн онцгой байдлын байгууллагынхан мэдээлсэн юм. Гурав дахь хүний биеийн байдлыг тус төвийнхнөөс өчигдөр лавлахад “26 настай залуугийн биеийн байдал гайгүй байгаа. Эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжүүлэхээр болсон” гэсэн мэдээлэл өглөө.
Үүнээс гадна “Оюутан цэрэг” хөтөлбөрт багтсан ҮБХИС-ийн энгийн ангид суралцагч залуу өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид хээрийн бэлтгэл, сургуулилалтад гараад, хэт ачааллын улмаас нас барсан харамсалтай хэрэг гарчээ.